Сэтгүүлчдийн учир битүүлэг ҮХЭЛ
2018-10-09

Харамсалтайгаар амиа алдсан Болгар сэтгүүлч, хувь заяа нь тодорхойгүй байгаа Саудын Арабын сэтгүүлчийн талаар “www.washingtonpost.com” сайт мэдээллээ.

 

 

Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх ноцтой зөрчигдөх, улмаар амь насаараа хохирох нь ихэссэн талаар НҮБ мэдээллээ.

 

Энэ оны эхний 10 сарын байдлаар олон улсад 43 сэтгүүлч бусдын гарт амиа алджээ. АНУ-д 4 сэтгүүлч, Мексикт 4 сэтгүүлч, Колумбт 2 сэтгүүлч, Бразилд 1 сэтгүүлч, Словакт 1 сэтгүүлч, Сирид 7 сэтгүүлч, Афганистанд 12 сэтгүүлч, Энэтхэгт 3 сэтгүүлч, Ливид 1 сэтгүүлч, Йеменд 3 сэтгүүлч, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад 3 сэтгүүлч, Никарагуа улсад 1 сэтгүүлч амиа алджээ.

 

Ганцхан долоо хоногийн дотор энэ тоо нэмэгдэхээр боллоо. Учир нь Болгарын “TVN” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч Викториа Маринова бусдын гарт амиа алдаад хоёр хонож байна. Сэтгүүлчийн цогцсыг өчигдөр Русе хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олжээ. 30 настай Мариноваг хүчирхийлж, улмаар боомилж хөнөөсөн болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон байна. Түүнийг танигдахын аргагүй болтол нь зодсон байсан талаар гэрчүүд өгүүлэв.

 

Цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтдаа авч, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хэргийн газрын үзлэгээр сэтгүүлчийн машины түлхүүр, нарны шил, гар утас, гадуур хүрэм болон түрүүвч нь алга болжээ.  Сэтгүүлчийн үхэл болгарчуудыг айдаст автуулаад буй.

 

Харамсалтайгаар амиа алдсан сэтгүүлчийг дурсан иргэд нийслэл Софи хотноо лаа өргөж, хүндэтгэл үзүүлсээр байна. Ерөнхий сайд Бойко Борисов “Хамгийн шилдэг шинжээчдийг хэргийн газар руу илгээж, ДНК-ийнх нь тусламжтай хэрэгтэнг хурдан баривчлах хэрэгтэй. Тэд биднийг хүлээхгүй” хэмээсэн бол Дотоод хэргийн сайд Младен Маринов “Энэ бол хүчингийн хэрэг” гэж мэдэгджээ.

 

 

Сэтгүүлчийн үхэл “сайтар бэлтгэсэн аллага” хэмээн хамтран ажиглагсад нь үзэж байна. Викториа Маринова 2013 оноос эрэн сурвалжлах чиглэлээр бичиж, өнгөрсөн хугацаанд томоохон түшээдийн нууц хөрөнгө, хууль бус үйлдлийг илчлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

 

Тэрээр өнгөрсөн оноос “төрд шургалсан авлигачид” гэх цуврал нэвтрүүлгийг бэлтгэсэн ба хэдэн сарын өмнөөс Европын холбооноос Болгар улсад хуваарилагдсан хөрөнгө мөнгийг эрх баригчид хэрхэн хувьдаа завшиж буйг илчлэхээр материал цуглуулж байжээ.

 

Олон улсад 2006-2013 оны хооронд 480 сэтгүүлч амиа алдсан ба нийт хэргийн 10 хүрэхгүй хувь нь илэрчээ. Болгар хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 орноос 111-д жагсдаг билээ.

 

Залуухан сэтгүүлч бүсгүйн үхэлтэй зэрэгцэн Саудын Арабын сэтгүүлч, шүүмжлэгч Жамал Хашоггигийн УЧИР БИТҮҮЛЭГ хэрэг олны анхаарлыг татсаар байна.

 

Сэтгүүлч эр энэ сарын 2-нд Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа “усанд хаясан чулуу шиг” алга болсон юм. Жамал турк эмэгтэйтэй гэр бүл болохоор шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхээр Консулын газар очих шаардлагатай болсон аж.

 

Олон улсын хэвлэлийнхэн ЖАМАЛ ХААНА БАЙНА хэмээн эрх баригчдаас нь асуусаар байна. Сэтгүүлч эр Саудын Арабын эрх баригчдын бодлогыг хүчтэй шүүмжилдэг ба 2017 оноос АНУ-д суурьших болжээ.

 

Туркийн газар нутагт гадаадын иргэн сураггүй алга болсонд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг эмзэглүүлээд буй юм. Тэрбээр Унгар улсад айлчилж буй бөгөөд өчигдөр Жамалын асуудлаар өөрийн байр сууриа хүргэлээ.

 

Эрдоган “Сэтгүүлчийн учир битүүлэг асуудалтай холбоогүй гэдгээ Арабын эрх баригчид батлах хэрэгтэй. Сэтгүүлчийг Консулын байрыг орхин гарсан гэх баримт нотолгоог үзүүл. Консулын газрын ойролцоо маш олон хяналтын камер бий. Эдгээрийн нэгийнх нь бичлэгийг нийтэд нээлттэй үзүүл. Хэрвээ уг хэрэгтэй та бүхэн холбоотой байвал би уучлахгүй” гэж хатуухан мэдэгджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн сэтгүүлчийн хувь заяа тодорхойгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийллээ.

 

Туркийн хуулийнхан уг хэрэгт анхаарлаа хандуулан шалгаж байна. Албаныхан “Сэтгүүлч Жамалыг Консулын байрт нэвтэрсний дараа тусгай бэлтгэгдсэн алуурчин хөнөөсөн” гэж мэдэгджээ.  Уг аллагын захиалагч Саудын Араб гэв.

 

Жамалыг Консулын байранд нэвтэрснээс хоёр цагийн дараа зургаан автомашин байрыг орхин гарчээ. Энэхүү үйл явдлыг гэрчлэх хяналтын камерын  бичлэгийг Туркийн тал нийтэд үзүүллээ. Эдгээр машины нэг болох дипломат дугаартай, цонхны хар теньтэй цагаан өнгийн микроавтобусанд консулын ажилчид нэгэн зүйл ачсан аж. Уг машин бусдаасаа чиглэлээ өөрчлөн явсан байна. Туркийн талынхан тус машинд сэтгүүлчийн цогцсыг ачсан хэмээн таамаглаж, мөрдөх ажиллагааг эхлүүүлсэн байна.

 

Ийнхүү ганцхан долоо хоногийн дотор Болгар сэтгүүлч бусдад хорлогдож, Араб сэтгүүлчийн амьд, үхсэн нь НУУЦ хэвээр үлдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин