Филиппинийн Ерөнхийлөгч ХОРТ ХАВДАР тусаагүй
2018-10-09

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн биеийн байдал муу байгаа хэмээн өнгөрөгч долоо хоногт орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв.

 

 

Ерөнхийлөгч хувийн эмнэлэгт хандан, хорт хавдрын шинжилгээ өгсөн юм. Тэрбээр шинжилгээ өгснийхөө дараахан "Миний амь насанд заналхийлэх онц ноцтой өвчин туссан нь тогтоогдвол би шууд л төрийн ажлаа хүлээлгэн өгөх болно" гэж мэдэгдсэн билээ. 

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу гарсан талаар тус улсын Дотоод хэргйн сайд Эдуардо Ано мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжилжээ.

 

Сайд "Хорт хавдрын хариу сөрөг гарсан. Ерөнхийлөгч ноцтой өвчин тусаагүй болох нь нарийн шинжилгээгээр тогтоогдлоо" гэв. 

 

"Хар тамхины ангууч" гэгддэг Дутерте өнгөрсөн 10 хоногийн хугацаанд хоёр ч томоохон арга хэмжээнд оролцохгүй, өнжсөн билээ.

 

Тус улсын үндсэн хуулинд "Ард түмэн Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн талаарх мэдээлэлтэй байх ёстой" гэж заасан байдаг. 

 

Өдгөө 73 настай Дутерте өмнө нь "Миний нуруу байнга өвдөж, хуян хөөрч, үе мөч байнга өвддөг" гэж ярьж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин