Улаанбаатар
Шилэн дансны аудитыг Нээлттэй нийгэм форумтай хамтран хийнэ
9 өдөр

Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд аудит хийхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын хэмжээнд хийгдэх тус аудитыг Нээлттэй нийгэм форумтай хамтран хийхээр санамж бичиг байгууллаа.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тав дахь удаагийн аудитын онцлогийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг ийн тайлбарлалаа. “Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг шалгахад иргэд, олон нийтийг анх удаа оролцуулж байна. 2018 онд Ерөнхий аудиторын дэргэд Иргэний танхим байгуулагдсан. Энэ аудитад анх удаа Иргэний танхим оролцож байгаагаараа онцлог. Бид өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг удаа дараа шалгасан боловч хэд хэдэн заалт өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжихгүй байгаа. Энэ нь төрийн аудитын байгууллагын хүний нөөц, цаг хугацааны боломжгүй байдал дээр нь төсөв захирагчдын хариуцлагагүй байдалтой холбоотой. Үүнийг шийдэхийн тулд иргэний нийгмийн байгууллага сайн дураараа бидний үйл ажиллагаанд хараат бус хөндлөгийн шинжээчээр ажиллах гэж байна. Нээлттэй нийгэм форумтай бид шилэн данснаас гадна улс төрийн санхүүжилт, засаглалын ил тод, нээлттэй байлгахад иргэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хоёр жилийн хугацаанд хамтран ажиллана” гэдгийг хэллээ.

 

 

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн аудитад 2017 оны 10 дугаар сарын 1-нээс 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх үйл ажиллагааг хамруулна. Аудитыг өнөөдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл хийж, гүйцэтгэн, УИХ-д хүргүүлэх аж. Аудитад бүх төрийн байгууллага, зарим төрийн бус байгууллага хамрагдана.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин