Малчид 941 мянган тонн өвс, 39 мянган тонн ногоон тэжээл бэлтгэжээ
2018-10-11

Энэ оны есдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 хувьд бэлчээрийн гарц сайн байгаа бөгөөд нэг га-гаас 16 центр хүртэл өвс бэлтгэх боломжтой байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тиймээс ч энэ жил 1,2 сая тонн хадлан бэлтгэх зорилт дэвшүүлсэн.  

 

 

Өнөөдрийн орон нутгаас ирүүлсэн мэдээгээр малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна. Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 73,5 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж яваа. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөнд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах, малчид, баг, сум, аймгийн түвшинд өвс, тэжээл бэлтгэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг 2018 оны есдүгээр сард зарласан.

 

Уралдааны гол шалгуур нь өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хамгийн их байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэсэн байхаас мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байдал, өвс, тэжээлийн агуулах, саравчиндаа засвар, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн эсэх, отор, нүүдлийг зөв зохион байгуулж, шинээр отрын бүс байгуулсан хэмжээ, ашиглалт, хамгаалалт, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах боловсруулж, өвлийг өнтэй давахын тулд гаргасан шинэ санаачилга зэрэг болно.

 

Энэ бүх шалгуур үзүүлэлтийг харгалзан, нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/-г шалгаруулж, аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг 3 сая төгрөгөөр тус тус урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм. Уралдааны дүн 2018 оны 11 дүгээр сарын 15-нд гарна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Shuud.mn
Сонин хачин