Ж.Энхбаяр: Хэдэн бор цэргийнхээ нэр нүүрээр 350 сая ам.долларын зээл авсан
2018-10-11

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

"Цэргийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д төрийн тусгай алба, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах,..төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх,..албан тушаалд хамаарахаар  тус тус тодорхойлсон.

 

Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн энэхүү онцлог байдлаас шалтгаалан 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, энэхүү тэтгэврийн харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг. Энэхүү хуулийн зохицуулалтад цэргийн албан хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын тусгай алба хаагчид хамрагддаг ба эдгээр албан хаагчийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй  хөдөлмөр, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр байдгийг харгалзан тэдний эрх зүйн байдал, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын бусад асуудлыг тусгайлан авч үзэн хуулиар зохицуулж ирсэн ба цаашид ч зохицуулах шаардлагатай байна” гэсэн танилцуулгыг хууль санаачлагач хийлээ. 

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон. Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа албан хаагчдад хохиролтой тусч байна. Тухайлбал, энэхүү өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн тэтгэвэр нэг сард 30704-33512 төгрөгөөр, офицерын тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр,  ахлах офицерын тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар байгаа аж. 

Уг хуулийн төслийг С.Бямбацогт нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох мөнгө байна уу. Хичнээн хэмжээний хүн ажил хаялт зарлах гээд байна вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Цалингийн сүлжээтэй холбоотой асуудлаар нийгмийн даатгалын алдагдлыг бууруулахад нөлөөлөхгүй. Цэргийн тангарагтай хүмүүсийг тушаалаар нь зүтгэсэн зүтгэлийнх нь төлөө төр үнэлэх ёстой. Энэ хүмүүс монгол төрийн халамжийг авах ёстой.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Хувийн хэвшлийнхэн сүүлийн таван жил өндөр цалин тогтоогоод өндөр тэтгэвэр авдаг болсон. Цэргийн албан хаагчид тийм зүйл байхгүй. Цэргийн албан хаагчид тушаалаар амьдарна. Бизнес хийх эрхийг нь хуулиар хязгаарлана. Үндсэн эрхээ хязгаарлуулсных нь төлөө Монголын төр цэргийн албан хаагчдадаа  үнэлж ирсэн. Одоо мөрдөж байгаа хуулиас нь битгий дордуулаач гэж байгаа юм. Сүүлийн жил хэмнэлттэй холбоотой бүрэлдэхүүн дандаа дутуу байгаа.

 

Олон улсад бид хэдэн бор цэргийнхээ нэр нүүрээр 350 сая ам.долларын зээл авсан. Өмнө нь 250 сая ам.доллар авсан. Шат шатаар нь бэлтгэдэг мэргэжлийн ажил.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Нийгмийн даатгалын сангаас олгож  байгаа тэтгэврийн дундаж хэмжээ 330 мянга, цэргийн албан хаагчдын тэтгэвэр 530 мянган төгрөг. Цэргийн тэтгэврийн хуулийн дагуу цалингийн 80 хувиар, энгийн иргэн 45 хувиар тэтгэврээ бодуулдаг.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Ахлах офицерийн тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа. Салбарын албан хаагч жилд дунджаар 250 хүн тэтгэвэрт гардаг байсан бол одоо 800 албан хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөд байна.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Эх орны батлан хамгаалахын эсрэг зүйл хийж байна, 36 сарын тэтгэмж зогссон, хүүхэд төрүүлж болохоо байлаа гээд ярих юм. Ийм зүйл байхгүй, ингэж болохгүй. Нэг асуудал шийдүүлэхийн тулд хүч оруулж, бараг л эх орноосоо урвасан мэт ярьж болохгүй.

 

БХ-ын сайд Н.Энхболд:

 

-Цэрэгт хайргүй хүн ирчихээд өөрчлөлт хийгээд байгаа юм биш. Цэргийн байгууллагын онцлогийг хэлэлцэх явцад ярьж байсан. Би энэ төслийг сайдын хувьд дэмжиж байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ж.Энхбаяр наанаа маш ухаалаг юм ярина. Амьдрал дээр хамгийн шуналын тулам. Цэргүүдэд их хайртай хүн болж жүжиглэнэ.
2018-10-12
Ergyy gar hudlaa yatial. Shunaliin tulam
2018-10-12
Enxbayar naanaa ix shudarga yom yrina, turiin baigyyllagad ajillaj yzeegyi abgaigiinxaa dyyg shuud ded saidaar shaxna Munxbat Nomtoibayariin bolobsrongyi xybilbar . Sistemtei bolobsrolgyi l xyn sh de
2018-10-11
иргэн:
Төсөв хэлэлцэх үеэр авилгач популистууд тодрох юм даа. Энэ Ж.Энхбаяр гэж зээл, буцалтгүй тусламж хоёроо ч ялгахгүй ийм амьтан юу УИХ-д хийдэг юм бол доо. Хулгай, луйвар, залилан зэрэг дээр толгой нь их сайн ажилладаг хүмүүст бид төрийн эрх мэдлээ өгөөд байна даа.
2018-10-11