Харааны бэрхшээлтэй иргэдэд кофешоп ажиллуулах эрх олголоо
2018-10-15

Өнөөдөр Дэлхийн цагаан тагтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр мөн  Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо 40 жилийн ойтойгоо золгож байна.

 

 Ойн арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. БСШУСЯ харааны бэрхшээлтэй иргэдээ сурах, хөдөлмөрлөх бололцоогоор хангах, та бүхнийхээ ажил амьдралд тусалж дэмжих асуудлыг анхаарлынхаа төвд байлгах болно” гэлээ. Түүнчлэн яамны байран дахь кофешопыг ажиллуулах эрхийг хараагүй иргэддээ олгож, 3-4 хүнийг ажлын байраар хангах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

 

БСШУСЯ энэ онд гэхэд, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн бага ангийн сурах бичгийн хэвлэх эрхийг есдүгээр сард олгож, 3 дугаар ангийн сурах бичгийг брайль үсгээр хэвлэн хүлээлгэн өгсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 186 дугаар цэцэрлэгт 25 сая төгрөгийн тоглоом, компьютер, ширээ сандал, 80 сая төгрөгийн гадна талбайн тохижилт, налуу зам, үерийн хамгаалалт, 116 дугаар сургуульд 80 сая төгрөгийн сантехникийн засвар, 30 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлээд байна.  

 

Мөн 116 дугаар цэцэрлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 60 мянган ам.долларын өртөгтэй сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авах тендер шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Харааны бэрхшээлтэй хүүххдийн 186 дугаар цэцэрлэгт 55 хүүхэд, 116 дугаар сургуульд 123 сурагч суралцаж байна.

 

 

Хөдөлмөр гавьяа зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан яваа хараагүй иргэдийн төлөөллийг Засгийн газрын шагналаар шагнасныг гардуулан өглөө. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ү.Амгалан, Д.Наранцэцэг, Ш.Нарангэрэл, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Ганзориг,  БСШУСЯ-ны “Хүндэт жуух” бичгээр Л.Анхбаяр, Ц.Жанчив, У.Саруултуяа, Б.Дэлгэрцэцэг нар шагнагдлаа. 

Shuud.mn
Сонин хачин