Авлигачдыг барьдаг Бээжингийн СОНГОДОГ АРГА
2018-10-17

БНХАУ-ын эрх баригчид хэдхэн сарын дотор олон улсад танигдаад буй хоёр эрхмийг авлигын хэргээр баривчилжээ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

БНХАУ-ын эрх баригчид авлига авч, хилийн дээс алхсан эрхмүүдийг ангуучлаад олон жилийг ардаа үджээ. Бээжин саяхан Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэйг авлигын хэргээр баривчилсан юм.

 

Тэрбээр энэ сарын эхээр Францаас Бээжин очоод сураггүй болсон билээ. Францад байгаа эхнэр нь энэ талаар анхлан хэвлэлийнхэнд мэдэгдэж, Францын цагдаа нараас тусламж хүссэнээр уг хэрэг олны анхаарлыг зүй ёсоор татах болов. Бээжин Мэн Хонвэйгийн талаар хэсэг ЧИМЭЭГҮЙ байсан ба олон нийтийн шахалтаас болж, мэдэгдэл хийхээс өөр сонголтгүй болсон юм.

 

Мэн Хонвэйг эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлига авсан хэмээн буруутган, “Хятадын хилээр давах үед нь олон нийтэд мэдэгдэхгүйгээр баривчилсан” гэж БНХАУ-ын эрх баригч Коммунист намын Хяналт шалгалтын хорооны хэвлэлийн албанаас мэдэгджээ.

 

Тэрбээр сураггүй алга болохоосоо хэдхэн минутын өмнө эхнэр рүүгээ мессенжерээр хутганы зураг явуулсан гэнэ.

 

Эхнэрийнх хэлснээр түүнийг Францад байхад Бээжингээс байнга шахуу сүрдүүлгийн дуудлага ирж, заналхийлдэг байсан гэв. Мэн Хонвэй сураггүй болоод таван өдрийн дараа эхнэрт нь Хятадаас дуудлага ирж, “тун удахгүй очно” хэмээн сүрдүүлсэн талаар олон нийтэд учирлаж, хамгаалалт хүссэн билээ.

 

Бээжин авлигын хэрэгт буруутгагдаж буй эрхмийг “баривчилсан” мөртлөө “бариагүй” хэмээн гүрийдэг уламжлалтай. Энэ уламжлал нь бараг “сайтар бэлтгэсэн жүжиг шиг” болсон  гэхэд болно.

 

Тэд яагаад барьж буй хүмүүсээ олон нийтийн нүднээс далдуур баривчилдаг нь иргэдийн сонирхлыг ихээхэн татдаг. Баригдсан хүмүүс эхэндээ сураггүй алга болж дараа нь баригдсан гэдэг нь тодорхой болдог.

 

 

Интерпол бол олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг, нэр хүндтэй байгууллага. Тиймээс уг байгууллагын тэргүүнийг баривчилсан гэдгээ Бээжин хэдхэн хоногийн дараа мэдэгдсэн юм.

 

БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд, ойрын хүрээлийнх нь, бизнес эрхлэгчдээс олон тооны эрхмүүд СУРАГГҮЙ болсоор байна. Шалтгаангүйгээр сураггүй болсон эрхмүүдийн талаар Бээжин өнөөг хүртэл чимээгүй байгаа.

 

Бээжин зөвхөн дээрх салбаруудад хяналтаа тогтоодоггүй гэдгийн тод жишээ бол Хятадын кино урлагаас холливуудад тоогдож, нэр алдар нь олон улсад цуурайтаад буй жүжигчин Фань Бинбиний хэргээс харж болно.

 

Жүжигчин бүсгүйг кинонд тоглохдоо “А”, “В” гэсэн хоёр гэрээ байгуулж, улмаар бага нэгжээр бичигдсэн гэрээгээ Татварын албанд тайлагнаж, олон жилийн турш татвараас зугтаасан гэх мэдээлэл гурван сарын өмнө хэвлэлээр цацагдсан юм.

 

Уг мэдээллийг жүжигчин бүсгүй эрс үгүйсгэж байв. Харин хэсэг хугацааны дараа жүжигчин бүсгүй нийгмийн сүлжээнээс сураггүй болж, дараа нь олон нийтийн өмнө гарахаа больсон юм. Тэрбээр олон нийтийн өмнө гарахгүй бараг 100 өдөр болсон талаар фэнүүд нь мэдээлсээр байна.

 

Татварын алба энэ сарын 5-нд Бинбинийг татвараас зугтаасан хэмээж, 883 сая юань буюу 129 сая ам.долларын торгууль ноогдуулсан юм. Түүний нэр алдар, кино урлагт хийсэн гавъяаг нь үнэлэн дээрх татварыг энэ ондоо багтаан барагдуулвал, хуулийн хариуцлага хүлээхгүй байх боломжтой гэжээ.  Тус улсад татвараас зугтаасан нь тогтоогдвол хамгийн багадаа 7-10 жилийн ял оноодог гэнэ.

 

Торгууль, ял шийтгэлээс чөлөөлөх боломжийг Бээжин олгосон ч жүжигчин бүсгүй сураггүй хэвээр байна. Олон нийт жүжигчнийг хуулийнхан баривчилсан гэдэгт итгэлтэй байгаа. Эсвэл жүжигчин бүсгүй “татвараас зайлсхийлсэн” гэх хар нэрнээсээ ичээд олны өмнө гарахаас эмээж, нэр алдраа сэвтүүлсэндээ гэмшиж байгаа байх.

 

Бинбин холливуудын “X-Men” болон “Iron Man” кинонд дүр бүтээсэн анхны хятад жүжигчин билээ. Тэрбээр 2017 онд Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчнээс нэрлэгдсэн ба жилийн орлого нь 300 сая юань гэнэ. Хятадын кино урлагийн олон улсад таниулахад томоохон үүргийг гүйцэтгэж буй Бинбиний татвараас зайлсхийлсэн асуудлаас болж Бээжин соёл урлагийн салбарт хүртэл хяналтаа тогтоож, жүжигчдийн цалин, урамшуулалд ЦЕНЗУР тогтоолоо.

 

Ерөнхийлөгч Си Зиньпинийн санаачилсан авлигачдыг ангуучлах ажиллагааны хүрээнд 2013-2018 оны хооронд нэг сая гаруй өндөр албан тушаалтан баривчлагдсан аж.

 

Тэд эхэндээ сураггүй болцгоож, дараа нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нь ил олдог. Энэ бол тус улсын хувьд шинэ зүйл биш. Үе үеийн засаглалын үед энэ арга хэрэгжсээр ирсэн.

 

Хятадын топ улстөрчдийн нэг гэгддэг Жоу Юнкан 2015 оны долоодугаар сард 14 хоног сураггүй болсон. Дараа нь хуулийнхан түүнийг авлигын хэргээр баривчилсан гэдгээ хүлээсэн удаатай. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан, төрийн нууц задруулсан хэмээн буруутган, цаазаар авсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kub:
bichsen zorilgyg sain oilgosongui ...
2018-10-18