Хүрэхгүй алсад ниссэн ШОНХРУУД
2018-10-19

Монголын цагдаагийн албанаас өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан “хоёр шонхор” хүрч боломгүй оргил өөд нисчихлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Залилин хийгээд зугтсан, эрэн сурвалжлагдаж байсан этгээд эргүүлийн цагдааг харсан даруйдаа зугтааж, түүнийг зугтаалгахгүйн тулд автомашинаас нь зүүгдэж, гэмт хэрэгтнүүдтэй эрэлхэгээр тэмцэж, эцэст нь халуун амиараа хохирсон цагдаагийн алба хаагчийн баатарлаг үйлдлийг бид харсан, хайрласан, халагласан.

 

Тархиндаа хүнд гэмтэл авч, эмч нар “найдваргүй” гэх тайлбарыг хэлж байсан ч эцсийн амьсгалаа татах хүртэл нь “Амьдраасай, босоосой, сэрээсэй” гэж чин сэтгэлээсээ хүссэнсэн. Харамсалтай нь хагалгааны дараах хүндрэлийн улмаас хорвоог орхисон. Ард нь дөрвөн бяцхан зүрх өнчирч, аавыгаа гэртээ хэзээ ирэхийг ээжээсээ шалгааж суугаа. Гэргийнх нь гэгээн мөрөөдөл нэг л өглөө унтарч, эр нөхрийнхөө инээмсэглэж авхуулсан зургийнх нь өмнө зул асаахдаа зүрх нь чичирч, сэтгэл нь өнчирсөн.

 

Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан.

 

Тэрбээр 1996-1999 онд ЦЕГ-ын дохиолол, хамгаалалтын албанд цагдаа, 1999-2002 онд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, 2012 оноос өдийг хүртэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочоор томилогдон ажиллаж байлаа.

 

Төр түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн албанд тасралтгүй 22 жил ажилласан тэрбээр жилийн дараа тэтгэвэртээ гарах байсан. Гавьяаны амралтандаа суухаараа гэр бүлээрээ олон зүйлийг хийж бүтээхээр хүсч, тэмүүлж байсан гэдэг. Хөгжимд хайртай, урлагт сэтгэлтэй байсан тэрбээр тэтгэвэртээ гарчихаад гэргийгээ, бяцхан үрсээ тойруулж суугаад гитараа тоглоод уярч суух байсан даа...Даанч хэрэгтнүүдийн хар гайгаар уянга дуутайгаа хамт хүрч боломгүй алсад одчихлоо.

 

Гэмт хэрэгтнүүдийн гарт эрэлхэг нэгэн хөвгүүнээ алдлаа. Гэтэл 2018 оны аравдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймаг дахь цагдаагийн газрын Гурванбулаг дахь хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга гэх идэрхэн залуу мөн л албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар алтан амиа алдсан тухай муу мэдээ сонсогдлоо. Яасан уйтай өдөр хоногууд өнгөрч байна вэ.

 

Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээр тангарагаа өргөж, томилолтоо гардаад зургаахан жил ажилласан цэл залуухан цагдаа амиа алдсан хэргийг шалгахаар ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулан Булган аймагт ажиллаж байгаа.

 

Э.Мөнхтулга нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. 2012 онд Төв аймгийн цагдаагийн газрын Заамар дахь сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр, 2018 оны зургадугаар сараас Булган аймаг дахь цагдаагийн газрын Гурванбулаг дахь хэсгийн төлөөлөгчөөр тус тус томилогдон цагдаагийн байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байжээ.

 

Талийгаач эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан. Хүүхдүүд нь тав, гурван настай. Хамгийн бага нь орчлон ертөнцөд мэндлээд 45-хан хоног байгаа манцуйтай үр.  Дахиад л хэнд ч гэм хийгээгүй гурван бяцхан зүрх хагацлын зовлонг мэдэрлээ. Тэр лав ил цагаахан мөрөөдлөөрөө алс хэтийг түүчээлэн Монголын цагдаагийн албанд тод мөрөө үлдээхийг хүсэж явсан байхдаа.  

 

Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч  албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан болохыг өнгөрөгч долоодугаар сард мэдээлж байсан. Амиа алдсан алба хаагчдын тоо хоёроор нэмэгдэж, монголын цагдаагийн албанд нөхөж баршгүй гарз тохиолоо.

 

Амиа алдсан алба хаагчдийн гэр бүл, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ххх:
жинхэнэ баатрууд гэж өөр хүмүүс байдаг юмаа
2018-10-21
эгэл жирийн, идэж уудаггүй амьдралаа авч яваа хүмүүс л баатрууд
2018-10-21
Ubman:
Jinhene baatruud. Tor halamjindaa avah yostoi!
2018-10-20
ххх:
жинхэнэ баатрууд гэж өөр хүмүүс байдаг юмаа
эгэл жирийн, идэж уудаггүй амьдралаа авч яваа хүмүүс л баатрууд