Холливуд Амараагийн Холливуд кино
2018-10-22

Монгол, Казахстан, АНУ-ын жүжигчид гол дүрийг нь бүтээсэн "The Mongolian Connection" уран сайхны киноны нээлт өнгөрөгч баасан гарагт /2018.10.19/ боллоо.

 

 

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны ажилтан Вэйд Далтон /Кайви Лайман/ Казахстаны гэмт хэргийн толгойлогч Арслангийн “баруун гар” Серик Ибраевийг /Санжар Мади/ нууц ажиллагааны мөрдлөгийн явцад баривчилж буйгаар кино эхэлнэ.

 

Нууц ажиллагааг амжилттай явуулж гэмт этгээдийг төвөггүй баривчилж буйгаас үзэхэд тэрбээр яах аргагүй л Холбооны мөрдөх товчооны шилдэг ажилтан аж. Гэвч энэ удаад түүний ур чадварыг хэт дөвийлгэж харуулалгүй, харин ч будлиу, бүтэлгүй ч эцсийн цэгт оновчтой алхам хийж асуудлыг эвлэгхэн  шийдвэрлэж буйгаар илэрхийлсэн нь тун ч догь байв. Тэр Монгол охидыг Америк, Казахстан руу худалдаалдаг байсан “Арслан” гэгчийн толгойлдог бүлэглэлийн гишүүн Серикийг аваачиж, мэдүүлэг өгүүлэхээр Монголыг зорино.

 

Түүний хамтрагч нь Монголын цагдаа Ганзориг буюу жүжигчин Амараа. Тэр шилдэг мөрдөгч, сайн хошууч. Түүний энгийн, үнэн тоглолт монголын сүүл үеийн кино урлаг дахь хэт хэтрүүлэгтэй, драмлаг жүжиглэлтийн хэнээнээс ангид байсанд талархууштай. Хотын төвийн түгжрэлтэй, нөгөө л ажин түжин байдлыг эвдэж гэнэтхэн буудалцаан, амь өрссөн тулаан болох нь сонин. Монгол цагдаагийн ур чадварыг үүгээр чамбай өгүүлжээ.

 

 

Дарханд очиж, хөдөөний айлд айраг уудаг хэсэг бий. Америк мөрдөгчийн айраг уухдаа гаргаж буй мэдрэмжийг хөнгөхөн өгүүлж, “Нүүдэлчнээс нинжа руу”, "Зочин л бол зочин" гэх үг, өгүүлбэрээр киноны гол утга агуулгыг зангиджээ. Хэлэх гэсэн санаагаа хөдөөгийн буй бүхнээр шигтгэж баяжуулсанд олзуурхав. Харин хаврын төлийг айрагтай холилдуулсан нь логикийн хувьд алдаатай санагдсан. Зураг авалт, техник хангамж ч ярих зүйлгүй сайн болжээ.Өнгө дуу шүүлтийг АНУ-д очиж хийсэн тул өөлөх юм алга. Киноны үйл явдлыг холбож өгсөн ая аялгуунд монгол хөөмий, язгуур урлагийг шигтгэж өгсөн нь ч таалагдсан.

 

“Mongolian Connection” киноны хөрөнгө оруулалтыг зуун хувь Монголчууд өөрсдөө гаргасан. Манайх хөрөнгө оруулалтыг нь гаргаж гадаадын жүжигчид гол дүрд нь тоглосон кино гэвэл энэ анхных байх. Бид үргэлж гадаадынхнаас хуулдаг, хөрөнгө оруулалт гуйдаг гэж шүүмжлэх нь олонтаа. Тэгвэл энэ удаад Монголчууд өөрсдөө 100 хувь хөрөнгө оруулалтаа гаргасан гэдгээр онцлог байлаа. Киноны продюссороор жүжигчин Б.Амарсайханы гэргий С.Уран ажилласан байна.

 

 

Энэ кинонд тулаан, тэмцэл, тэгээд хайр бий. Худал үгэнд итгэж гадаадад худалдагдсан Хулан гэх бүсгүйн эгэл, энхрий дүрийг жүжигчин Б.Цэцэг бүтээжээ. Киноны нээлтийн үеэр түүнийг СТА цол, тэмдгээр шагнасан.

 

Ийнхүү америк найруулагчийн ур чадвар нэвт шингэсэн, шинэлэг ур хийцтэй "Mongolian connection" уран сайхны кино Монголд нээлтээ хийлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин