“Тэргүүнгүй төр” номын нээлт боллоо
2018-10-23

МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач  Л.Мөнх-Эрдэнийн “Тэргүүнгүй төр, улс төр, үндэсний асуудал, дээд боловсрол” номын нээлт өнөөдөр /2018.10.23/ боллоо.

 

 

Степпепаблишинг ХХК-наас эрхлэн гаргаж буй уг номд Л.Мөнх-Эрдэнийн 1997 оны тавдугаар сараас 2018 оны 8-р сарын хооронд бичсэн 20 гаруй өгүүлэл, нийтлэл багтжээ. Эдгээр өгүүлэл, нийтлэл нь Монгол улсын Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, дэглэм; Монгол дахь үндэстэн, “ястан”, үндэсний ижилсэл; социализмын дараах шилжилт; Дээд боловсрол, их сургуулийн засаглал зэрэг сэдэвтэй юм. Профессор, судлаач Л.Мөнх-Эрдэнэ номын нээлтийн үеэр “Улстөр нүгэл бүү хэл сэжигээс ч ангид байх ёстой” хэмээв.

 

Л.Мөнх-Эрдэнэ нь:

 

Хоккайдо их сургуульд 2004 онд докторын зэрэг хамгаалсан

 

Стэнфордын их сургуулийн Хүмүүнлэгийн судалгааны төв болон Фриймэн Споглийн Олон Улсын судлалын хүрээлэнд Хүмүүнлэгийн ухаан, Олон Улсын харилцааны судлаачаар 2008-2009 онд

 

Австрийн Шинжлэх ухааны академид Лийз Мейтнерийн нэрэмжит ахлах судлаачаар 2009-2011 онд

 

Принстоны Тэргүүлэх судалгааны хүрээлэнгийн Түүхийн сургуулийн орчин үеийн олон улсын харилцааны хэсэгт Жорж Кеннаны нэрэмжит судлаачаар 2012-2013 онд тус тус ажиллаж байсан.

 

 

"Тэргүүнгүй төр" номын өмнөтгөлд “...Тэргүүнгүй төр” ба залгамж нийтлэлүүд хэвлэгдээд удаагүй байхад Ерөнхийлөгч Ерөнхий сайдын дайн Ерөнхийлөгчийнхөөр шувтарч, Ерөнхийлөгч өөрийн засгийн газрaa байгуулсан ч, Ерөнхий сайдын эсрэг түүнтэй эвсэж асан УИХ-ын дарга “төрийн гурван өндөрлөг”-ийн нэг гэдгээ тод харуулж, төр засгийг УИХ-ын даргын байр сууринаас удирдахыг оролдож, Засгийн газрыг Ерөнхийлөгчтэй булаацалдсаар сонгуультай золгосон юм.

 

Харин халаа авсан шинэ дарга УИХ-ын даргын суурин дээрээс улс төрийг ноёлж болохыг харуулж Монголын төр үнэхээр л “гурван өндөрлөгтэй”, триумвират маягийн, тийм ч учраас “тэргүүнгүй төр” гэдгийг дахин давхар нотлов. Тийм ч учир энэ номыг Тэргүүнгүй төр гэж нэрлэхээр шийдсэн билээ...хэмээн өгүүлжээ.

 

 

Уг номыг Интерном, Азхур, МУИС пресс номын дэлгүүр (МУИС-ийн шинэ номын сангийн 1-р давхарт)-ээс худалдан авч унших боломжтой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин