Байгалийн баялагт түшиглэсэн өөдрөг төсөөлөл хөрсөн дээр хэр буух бол
2018-10-24

 

Ирэх онд улсын төсвийн орлого 9.6 их наяд, зарлага 11.5 их наяд төгрөгөөр тооцжээ.  Төсвийн алдагдал нь хуульд заасан хэмжээнд. Ер  улс орон өндөр өр, зээл төлж байгаа нөхцөлд алдагдалгүй төсөв батална гэсэн ойлголт үгүй юм билээ. Тэр байтугай, их хэмжээний бондын зээл аваагүй, “Их өр”-өө төлсөн, улсын төсөв тэрбум төгрөгөөр хэмжигдэх байх үед ч алдагдалтай л батлагддаг байсан.

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсныг манай эдийн засагчид ч, олон улсын байгууллага ч нотолж байгаа. Хөрсөн дээр байгаагүй эдийн засгийн өсөлт ирэх онд найманд хувьд хүрэх нь. Найман хувийн өсөлттэй эдийн засгаас  иргэдийн амьжиргаанд хүртэнэ гэж найдаж л суухаас аргагүй.

 

Өмнөх хоёр жилтэй харьцуулахад энэ оны төсвийн төслийг эрх баригчид өөдрөгөөр төсөөлсөн байгаа. Тиймээс ч сөрөг хүчин хэт өөдрөг төсөөлөл дараа дараагийн жил эдийн засгийн халууралтай тулах вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байна лээ. Ямартай ч төсвөө өөдрөгөөр төсөөлөхдөө орлого, хөрөнгө оруулалтаа тооцсон. Манай улсын хувьд өмнө нь ч, одоо ч хөрөнгө оруулалт, орлого олох хамгийн гол салбар нь уул уурхай, байгалийн баялаг хэвээр байсаар байна. Үе үеийн эрх баригчид, Засгийн газар эдийн засгаа солонгоруулна, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбараасаа экспортын бүтээгдэхүүн гаргаж, хүрээгээ тэлнэ гэж ярьдаг. Уг нь энэ хүрээнд Япон улстай эдийн засгийн түншлэлийн түвшинд харилцаагаа өргөжүүлж, нэр бүхий бараа бүтээгдэхүүнээ экспорлохоор санамж бичигт гарын үсэг зурсан, хэдэн жилийн өмнө. Хэрэгжилт нь ямар байгааг жил бүрийн экспортын барааны дүнгээс харагдах ч, импортын бүтээгдэхүүн л илүүтэй тэргүүлсэн харагддаг. Төр, засгийн тэргүүнүүдийн тухайн улсад хийсэн айлчлалаар хөтөлбөр, санамж бичгийн талаарх  дурдагдаад өнгөрдгөөс бус дорвитой үр дүнд хүрсэн тал ажиглагдаагүй л байна. Тиймээс л жил бүрийн улсын төсвийн төсөлд орлого, хөрөнгө оруулалтаа уул уурхай, байгалийн баялаг дээр тулгуурласаар байна.

 

Олон улсын худалдааны маргаантай асуудал манай жижиг эдийн засагтай улсад сөргөөр нөлөөлөх талтай гэж эдийн засагчид, олон улсын байгууллагынхан ч үзэж байгаа. Тиймээс Азийн хөгжлийн банк  ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлт буурах магадлалтай гэж дүгнэж байсан. Харин Засгийн газрын хувьд эсрэгээрээ өөдрөг төсөөлөл тээсээр төслөө боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа.  Ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа гадаад байдлыг харгалзсанаа Сангийн сайд тодотгоод, асуудалд зоригтой хөдлөх цаг болсныг онцолж байсан.

 

Төсвийн төсөлд алт, зэсний үнийг зэс, алтны үнийг ОУВС-гийн тооцоолсноор  тусгасан байна. Ирэх оны төсвийн хүрээний мэдэглийг боловсруулж байх явцахд  зэсийн үнийг 7250 ам.доллар орчмоор тооцжээ. Харин ирэх оны улсын төсвийг өргөн барих  үед ханш нь  1000 ам.доллараар унасан учир 6270-аар тооцсон байна. Алтны үнийг тогтоохдоо ч мөн  энэ чигийг барьсан аж.  

 

Ирэх онд нүүрснээс ихээхэн хэмжээний орлогыг төвлөрлүүлэхээр тусгасан байна лээ. Тиймээс ч улсын төсвийн төсөлд ирэх онд 43 сая тонн нүүрс экспортлохоор тооцжээ.  Хууль боловсруулагчдын зүгээс  “энэ их хэмжээний нүүрсийг экспортолж амжих уу. Наанадаж тээвэрлэлийн асуудлыг яаж шийдэхээр байна” гэсэн эргэлзэнгүй байдалтай байгаа.  Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд урд хөрштэй нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн учир хэрэгжих магадлал өндөр гэж Засгийн газар үзжээ.

 

Үүнээс гадна Засгийн газар Татварын хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн бариад байгаа. Хэрвээ энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталвал төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх тооцоо гаргажээ. Тухайлбал, Татварын орлогыг 37 хувиар өсөхөөр тооцоолсон нь сүүлийн 9 жилийн дундаж өсөлтөөс 5.2 дахин их аж.

 

Ийнхүү УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх оны байгалийн баялагт түшиглэсэн өөдрөг төсөөлөл иргэд бидний амьдралд хэрхэх хүртэхийг харж л сууя. Тэгээд ч ирэх оноос “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг “амь оруулж”, иргэдэд хувь хүртээнэ гэсэн дараа жилийнх нь “сонгуулийн пиар” ч хамт дагалдаж байна лээ.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин