Улаанбаатар
Фото: Байлдааны буудлагатай хээрийн сургуулилтын явц
10-29

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хээрийн сургуулилтын талбайд очиж, Батальоны байлдааны буудлагатай хээрийн сургуулилтыг үзлээ.

 

Хээрийн сургуулилт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны буудлагатай хээрийн сургуулилтад амжилттай оролцсон бүрэлдэхүүнд баяр хүргэж, үг хэлэв.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

 

“Эрхэм генерал, офицер, ахлагч нараа

Эрхэм зочид оо,

Сургуулилтад оролцож байгаа нийт цэргийн алба хаагчид аа

 

Батальоны тактикийн бүлгийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилтыг зохион байгуулж байгаа Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Та бүхэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар баяр хүргэж, амжилт хүсье.

 

Энхийн цагт Зэвсэгт хүчний гол үүрэг бол цэргийн сургалт, бэлтгэл байдаг. Тэр дундаа байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь цэргийн сургуулилтын хамгийн үр дүнтэй хэлбэр гэж тооцоогддог юм. Энэ удаагийн сургуулиар манай цэргийн алба хаагчид Зэвсэг хүчний байлдааны олон талт үүргийг гүйцэтгэх боломж, чадавхиа дээшлүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Монголын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь шинэчлэлийн бодлогыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж байгаагаараа үлгэр жишиг болж байгаа юм. Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэж, олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад амжилттай оролцож мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа гадаад, дотоодод илтгэн харуулсаар байгаа нь бахдал төрүүлэх амжилт юм.

 

Эртнээс цуутай монгол цэргийн алдар, дайчин уламжлалыг нэр төртэйгээр залгамжлан, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ чадварлагаар биелүүлж байгаа Та бүхний эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг энэ хээрийн сургууль дахин нотлон харууллаа.

 

Хээрийн сургуулиар тавигдсан үүргийг нэр төртэй биелүүлсэн албан хаагчдад дахин баяр хүргэе.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн цог золбоо үеийн үед бадарч явах болтугай” гэлээ.

 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадаар орж, зэвсэглэл, техник хэрэгсэл зэрэг бригадын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

 

Shuud.mn
Сонин хачин
ZENITIIN PUUJING PUTIN SI ZIMPIN HOERT BAIDGIIG HELNEE
2018-11-10