Тойргийн гадна үлдсэн төсөв танах санал
2018-10-31

УИХ 2019 оны улсын төсвийг хэлэлцэн батлах шатандаа ороод байна. Ирэх оны улсын төсвийг тухайн жилийнхээ 11 дүгээр сарны нэгний дотор баталсан байх хуулийн заалттай.  Тиймээс  ч намрын чуулган эхлэнгүүт Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж эхэлсэн.  Төсвийн хэлэлцүүлэг тусгай дэгээр явагддаг. Энэ дагуу явагдаж, хуулийн хугацаандаа батлах нь УИХ-ын үндсэн үүрэг.

 

Ирэх оны улсын төсвийн орлогыг 9 их наяд, зарлагыг 11 их наяд төгрөг байхаар төлөвлөөд байгаа. Мөн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг зоригтой тусгаж өгсөн гэж Засгийн газар  онцолж байгаа бол зарим гишүүдийн зүгээс, тэр дундаа сөрөг хүчний зүгээс “2020 оны сонгуулийн жилийг угтсан, хөөсөрсөн төсөв болж байгаа нь сэргэж байгаа эдийн засагт халтай” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 

Ирэх оны төсөвт Ерөнхийлөгч ч саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгч 2019 оны төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж,  “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан, төсвийн орлогыг биелэхээргүй хийсвэрээр төлөвлөсөн, төсвийн байгууллагуудын урсгал зардлуудыг нарийн тооцоолоогүй, хэт үрэлгэн хандсан” гэж шүүмжилж байгаа. Тиймээс  төсвийн зардлыг 10 хувиар бууруулахад 1 их наяд төгрөг, зураг төсөвгүй барилга, байгууламжуудыг хассанаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэгдэхээр байна” гэсэн байр сууриа илэрхийлсэн байлаа.  Нөгөөтэйгүүр намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд  энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлаа 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байсан.

 

Сөрөг хүчин АН ирэх оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлагыг өнгөрсөн баасан гаригт авсан. Тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх баригч хүчний нэр бүхий гишүүд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, 950 сая төгрөгөөс 1.4 тэрбум хүртэл зээл авсныг зарлаж, “ Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдэлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч УИХ дахь АН-ын бүлэгт хариу ирүүлэхийг шаардсан” албан бичгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлээд байгаа. Хэрвээ шаардсан  хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол сөрөг хүчин УИХ-ын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодын хуралдаанд оролцохгүй тухайгаа анхааруулсан байлаа.  Сөрөг хүчинд шаардлага хүргүүлэх хугацаа өчигдөр дуусгавар болсон. Ямартай ч Засгийн газраас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтээ гарган, хууль зөрчсөн  үйлдэлд хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа. УИХ дахь АН-ын бүлэг шаардлагын хариугаа хүлээж авсан эсэхээс үл хамаарч завсарлагааны хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж байгаа. Дээр нь сөрөг хүчин чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцох  эсэхээс үл хамаарч УИХ хуулийн хугацаанд 2019 оны улсын төсвийг хэлэлцэнэ батална. Учир нь  2019 оны улсын төсвийг батлах хуулийн хугацаа маргааш дуусгавар болох юм.

 

Тэгээд ч сөрөг хүчин чуулган, байнгын хорооны хуралдаанд үл оролцох нь ирцэд нөлөөлөхгүй. Өнөөдөр эрх баригч хүчин парламентад үнэмлэхүй олонхиор бүрдсэн давуу талтай. 

 

Ер нь улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ерөнхий дүр зураг гараад ирдэг. Энэ удаагийн төсвийг боловсруулахдаа Засгийн газар гишүүдийн тойргийн асуудлыг ч орхигдуулаагүй тусгасан байлаа. Учир нь гишүүн бүр тойрогтоо таван тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн явцад энэ санхүүжилт нэмэгдэж найман тэрбум төгрөг болсон байх магадлалтайг Ерөнхийлөгчийн телевизэд өгсөн ярилцлагаас анзаарагдсан. Учир нь Ерөнхийлөгч энэ парламентыг ёс зүйн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн УИХ өөрөө шийдвэр гарган тарах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа. Түүнийг саналыг хэлэлцэх эсэх нь УИХ-ын мэдлийнх. Тиймээс хуулийн хугацаанд хариу албан бичиг илгээх магадлалтай. Учир нь Ерөнхийлөгч санал өргөн барьсанаас бус тогтоолын төсөл хүргүүлээгүй. Олон нийт Ерөнхийлөгчийн энэ улстөржсөн үйлдлийг өөр өөрсдийн өнцгөөс харж, байр сууриа илэрхийж байгаа юм.

 

Ямартай ч ирэх оны төсвийн зураглал Засгийн газрын боловсруулснаас өөрчлөгдөж, гажаагүй нь гишүүдийн тойрогт төсөвлөсөн мөнгө, хийгээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай холбоотой. Учир нь өмнө жилүүдэд гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах, тусгуулах гэж  Засгийн газрын өргөн барьсан улсын төсвийн төсөл танигдахааргүй болтол тэлж, өөрчлөгддөг байлаа.

 

Энэ удаагийн тухайд түшээдийн нэгсэн эрх ашигт нийцэж, зардлыг хэмнэх, төсвийг танах Ерөнхийлөгчийн санал л тойргийн гадна үлдлээ. 

 

Ийнхүү ямар ч ултөржилт явагдаж байсан улсын төсөв хуулийн хугацаандаа батлагдах юм.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин