100 хүнийг хөнөөсөн ДОКТОР ҮХЭЛ
2018-10-31

Герман эр сувилагчаар ажиллаж байхдаа 100 хүний аминд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар “ВВС” агентлаг “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Германы хоёр эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Нильс Хегел гэгч цэнхэр гариг дахь хамгийн олон хүний аминд хүрсэн АЛУУРЧИН болж, түүхэнд бичигдэхээр боллоо. ДОКТОР ҮХЭЛ гэдгээрээ алдаршаад буй Нильс Хегел сувилагчаар ажиллаж байхдаа 100 хүний аминд хүрчээ.

 

Тэрбээр анх “Би эрлэгийн элч биш. Би зөвхөн энэ амьдралаа эцэслэхийг хүссэн хүмүүсийн эцсийн хүслийг биелүүлсэн сахиусан тэнгэр. Үхэгсэд намайг буруугүй гэдгийг батлах болно” хэмээж байв. Удаан хугацааны турш өөрийгөө буруугүй гэгдэж байсан Хегел дээрх иргэдийг хөнөөсөн гэдгээ өчигдөр хүлээн зөвшөөрлөө.

 

Өдгөө 41 настай Хегел 1999-2005 оны хооронд Дельменхорст хотын эмнэлэгт ажиллахдаа 64 хүнийг хөнөөжээ. Ольденбург хотын эмнэлэгт ажиллаж байхдаа 36 хүнийг үхэлд хүргэжээ. Хохирогчид бүгдээрээ түүний өвчтнүүд байсан юм. Шүүх хурлын үеэр хохирогчдын гэр бүл “Сувилагч их эелдэг нэгэн байсан” гэж ярьсан аж. 

 

Хегел ихэвчлэн өндөр настан, хорт хавдраар өвчилсөн иргэн, гэр бүлийн анхаарал сул иргэдийг сонгон авч, тарианы тунгийн хэтрүүлэх замаар тэднийг үхэлд хүргэдэг байжээ.

 

Тэрбээр тэднийг хэрхэн амь тавьж буйг харж, стрессээсээ ангижирдаг байсан гэнэ. Сувилагч эр “Үхэл, амьдралын зааг дээр байгаа хүн үнэхээр хөөрхийлөлтэй харагддаг. Тэд ярьж чадахгүй ч нүд нь аврал хүсдэг” гэж ярьжээ.

 

“Доктор үхэл” анхны хохирогчоо санамсаргүйгээр хөнөөсөн аж. Бригитта Арндт гэх 63 настай эмэгтэй “зүрхний хэм алдагдал” гэх оноштойгоор түргэнээр эмнэлэгт иржээ. Хегел хагалгаанд бэлдэж байхдаа алдаа гаргаж, хэм алдагдлыг нь нэмэгдүүлэх тариаг тарьчихсан гэнэ. Хохирогч хагалгааны үеэр амьсгал хураасан байна.

 

Тэрбээр өнөөг хүртэл дээрх хэрэг “санамсаргүй алдаа” эсвэл “санаатай үйлдэл” гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа ч “Тэр өдрийг өчигдөр шиг санаж байна. Зүгээр л тэр үхэл надад шинэ боломж өгсөн. Би тэр өдрөөс хойш огтхон ч ганцаардахаа больсон. Уур бухимдал, стресс намайг зовоохоо болсон. Нэг л мэдэхэд би энэ ертөнцийн хамгийн азтай нэгэн болчихсон” гэж хэлжээ.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам тэрбээр ихэнх цагаа эмнэлэгт өнгөрөөж, зөвхөн өвчтнүүдтэй ярилцдаг байсан гэнэ.

 

Түүний эмчилгээ хийсэн өвчнүүд нэг нэгээрээ зуурдаар үхэж эхэлсэн нь  хамтрагчид нь сэжигтэй санагдах болж, нэг бус удаа уг асуудалд анхаарлаа хандуулахыг удирдлагуудаасаа хүссэн гэдэг.

 

Хохирогчийн тоо 100-д хүрэхээс өмнө шүүхээс түүнд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн билээ.

 

 

“Доктор үхэл” анх төрөхдөө л бусдаас өөр сонирхолтой, могой шиг нэгэн байгаагүй гэнэ. Ихэнх алуурчид бага байхаас нь хэн болох нь тодорхой байдаг. Нильс Хегел дээрх алуурчдаас өөр даруухан, хичээлдээ сайн, гэр бүлдээ халамжтай, бусад шиг амар тайван орчинд өсчээ.

 

Тэрбээр 1977 онд Вильгельмсхафенд хотноо төрсөн ба эцэг нь тус хотын нэгэн эмнэлэгт эрүүл ахуйч, эх нь үйлчлэгч байжээ. Хүүхэд байхаасаа нь эмнэлэгтэй ойрхон өссөн хүү сувилагч болохоор шийдэж, 1998 онд сургуулиа төгсөөд л “Улаан Загалмай” нийгэмлэгт орсон байна. Энэ хугацаанд сувилагчаар суралцжээ.

 

2000 оны эхээр эхнэртэйгээ танилцсан ба хэдэн жилийн дараа түүний эцэг зүрхний шигдээсээр таалал төгссөн аж. Гашуудлаа тайлж чадаагүй байхад нь жирэмсэн эхнэр нь ослоор амиа алдсан байна.

 

Сэтгэл санааны хувьд тогтворгүй байхдаа мэргэжлийн алдаа гаргаж, өвчтөнөө хөнөөсөн аж.

 

Уг хэргээс хэдхэн өдрийн дараа Дитер гэх 60 настай эрэгтэйд сувилагч эр санаатайгаар өндөр тунгаар тариа тарьсан аж. Маргааш өдөр нь дахин өндөр тунгаар тариа тарьсан ба хохирогч түүний өмнө амьсгал хураасан гэнэ. Энэ үеэс түүнд ҮХЭЛ тайтгарал өгч буйг анзаарчээ.

 

2008 онд Дитерийн амийг санаатай хөнөөсөн нь илчлэгдэж, шүүхээс түүнд 7.5 жилийн ял оноосон юм. Тухайн үед түүнийг ганцхан хүнийг хөнөөсөн хэмээн олон нийт андуурч байлаа. 2012 онд тэрбээр хамт хоригдож байсан хоригдолд “Би эмнэлэгт ажиллаж байхдаа маш олон хүнийг хөнөөсөн. Эмнэлэг бол аллага үйлдэхэд хамгийн тохиромжтой газар. Цогцос нууна гэж айхгүй” гэж ярьжээ.

 

Уг яриаг сонссон хоригдол шоронгийн захирагчдаа хэлснээр Хегелийн ҮНЭН илчлэгдсэн аж.

 

Хегел нууцаа өөртөө хадгалсан бол таван жил хоригдоод суллагдах байв. Үлгэр жишээ хоригдол байсан учир Хегелийг хугацаанаас нь өмнө суллахаар болсон аж.

 

Алуурчнийг эрх чөлөөтэй болохоос урьтаж, хуулийнхан баттай нотолгоо олохоор шаргуу ажиллажээ.

 

2015 онд Ольденбургийн тойргийн шүүх Хегелийг “хоёр хүнийг хөнөөсөн, хоёр хүнийг хөнөөхийг завдсан, гурван хүний эрүүл мэндэд аюул учруулсан” гэж буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.

 

2016 оны эхээр хохирогчдын тоо 6 бус 100 давсан болохыг мөрдөгчид олж тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин