Гүүглийн ажилчид ажлын газрын бэлгийн дарамтыг эсэргүүцэн жагслаа
2018-11-02

Технологийн салбарын "Гүүгл" компанийн олон мянган ажилчид ажлын газрын бэлгийн дарамт болон хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Уг эсэргүүцлийн жагсаал АНУ-ын Цахиурын хөндийд дэх "Гүүгл"-ийн ажилчдаас гадна Сингапур, Лондон, Токио, Берлин дэх ажилчид нэгдэж, удирдлагууддаа өөрсдийн дуу хоолойгоо хүргэжээ. 

 

#GoogleWalkout уриатай уг хөдөлгөөн өчигдөр Америкийн цагаар 11.00 цагт эхэлсэн байна. Ажилчид ажлын ширээгээ орхин, албан байгууллагынхаа өмнө жагссан аж. Калифорни мужид болсон жагсаалд 1,000 хүн нэгджээ. 

 

"Гүүгл" компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай "Ройтерс" агентлаг "Энэ бол шинэ содон зүйл. Мэдээж хэрэг бид компанийн үйл ажиллагааг хэвийн болгохын тулд жагсагчидтай дугуй ширээний ард суугаад, сайхан гэгч нь ярилцах болно. Тэдний шаардлага болон бидэнд юу гэж хэлэхийг анхааралтай сонсох болно" гэж мэдэгджээ. 

 

Тус компанийн "Андроид систем"-ийг зохион бүтээгч Энди Рубин гэгч хамт ажилладаг бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн нь илчлэгдэж, улмаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн талаар өнгөрөгч долоо хоногт "Нью Йорк Таймс"  сонин мэдээлсэн билээ. 

 

 

"Гүүгл" уг хэргийг нуухын тулд Рубинд 90 сая ам.доллар өгч нууцын гэрээ байгуулж, ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор "Гүүгл" компани мэдэгдэл хийсэн ч Рубинд мөнгө өгсөн гэдгээ үгүйсгэж, тэрбээр ажиллах хугацаандаа хамт ажилладаг олон бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

 

"Гүүгл" компани өнгөрөгч хоёр жилийн хугацаанд эмэгтэй ажилчдад бэлгийн дарамт үзүүлсэн 48 хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна. Эдгээрийн 13 нь өндөр албан тушаалтнууд байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин