Ц.Мөнх-Оргил:Харъяалал харгалзахгүйгээр иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлнэ
2018-11-02

Улсын бүртгэлийн багц  хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Улсын бүртгэлийн багц хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Шинэ хуулиар ямар өөрчлөлт орж мөрдөх вэ?

 

-Энэ сарын нэгнээс эхлэн УИХ-аас баталсан Улсын бүртгэлийн хууль хүчин төгөлдөр болж эхэлж байна. Энэ хуулиар улсын бүртгэлийг иргэдэд  нээлттэй, ил тод, үйлчилгээг чирэгдэлгүй, дараалалгүй хүргэж, ихээхэн төрлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийн хувийн болон өмч хөрөнгийн нууцлалын  олон асуудлыг шийдсэн. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр харьяалал харгалзахгүйгээр иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг хэрэгжүүлж эхэлж байна. Тухайлбал төрсний, гэрлэсний, гэрлэлт  цуцалсны, иргэний бүртгэл, гадаад паспортын бүртгэлийг  өмнө нь дандаа харъяалал харгалзаж хийдэг байсан.  байна.  Иргэний бүртгэлийн 10, хуулийн этгээдийн бүртгэлийн хоёр нийтдээ 14 төрлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт жигд үзүүлж эхэллээ. Жишээлбэл, хөдөөнөөс хотод сурч байгаа оюутан иргэний үнэмлэхээ алга болгосон бол байнгын оршин суугаа газраа очиж бүртгэлээ хийлгэдэг байсан. Тэгвэл өнөөдөр аль ч бүртгэлийн байгууллагад хандаад иргэний үнэмлэхээ сэргээж болно.

 

Мөн гадаад паспортыг Улаанбаатар хотод 100 айл дээр очиж авдаг байсан бол одоо нийслэлийн есөн дүүрэг, дөрвөн албан дээр очоод харъяалал харгалзахгүй бүртгэлийг авч байна.

 

Өнөөдрөөс эхлээд Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа нийт мэдээллийн 90 хувь нь иргэдэд нээлттэй болж байна. Burtgel.mn гэдэг сайт руу ороход өнөөдрийн байдлаар 10, он дуусахад 49 төрлийн мэдээлэл нээлттэй болно. Үүнд иргэний хувийн нууцад хамаарах мэдээлэл орохгүй.

 

-Ямар төрлийн мэдээллүүд хаалттай байх бол?

 

Мэдээлэл нээлттэй болж байгаатай холбоотой үйлчилгээний хүртээмжийг сайжруулна. Өмнөх хуулиар ямар төрөл нь нээлттэй, ямар нь хаалттайг зааж өгөөгүй байсан учраас бүртгэл хаалттай байсан. Гурван төрлийн мэдээлэл хаалттай байгаа. Хурууны хээний өгөгдөл, гэрчийг хамгаалах заалт, хуулиар хамгаалагдсан зарим төрлийн тусгай хэрэгцээний үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хаалттай байгаа. Зарим төрлийн мэдээллийг иргэн хүн өөрийн хүсэлтээр өөрөө тавьсан тохиолдолд нээлттэй болно.

 

-Тэгэхээр бүртгэлийн байгууллагаас үйлчилгээ авахад олон бичиг баримт нэхэхгүй гэсэн үг үү?

 

-Төрөөс үйлчилгээ авахдаа янз бүрийн гэрчилгээ шаардахгүй. Өмнө нь иргэд мэдээлэл авах гээд очихоор иргэний үнэмлэх, гэрлэлийн баталгаа нэхдэг байсан. Харин одоо бүртгэлийн байгууллагууд өөртөө байгаа мэдээллээ нэхэхгүй, шууд хурууны хээгээ дарж, иргэний үнэмлэх дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулна. Олон төрлийн гэрчилгээ нэхэхгүй.

 

Шинэ хуулийн мөрдөж эхэлсэнтэй холбоотой техникийн хувьд хэр хангагдсан бэ?

 

-Нэг хүндрэлтэй тал нь Монгол Улсын татварын системээс бусад  бүртгэлийн байгууллагууд үүнийг ашиглах хэмжээний системд хамрагдаж чадаагүй байна. Цахим бодлогын түр хороон дээр бид өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж,  асуулга тавьсан. Зөвхөн татварын байгууллага хурууны хээг ашиглаж, мэдээллээ солилцон, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх бололцоотой байсан. Бусад нь техникийн дутагдалтай, хүчин чадал муу зэрэг асуудал үүссэн.

 

-Иргэний үнэмлэхийн чип дээр мэдээлэл нэмэгдэх үү?

 

-Иргэний үнэмлэхийн чип дээр мэдээлэл нэмэгдүүлнэ. Ингэхдээ бүртгэлийн байгууллага  ямар мэдээлэл оруулах талаар Засгийн газарт санал тавих хэрэгтэй. Зарим байгууллагаас эрүүл мэндэд шаардлагатай цусны бүлэг ч юм уу мэдээллийг тусгаж өг гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ бүхэн дэс дараатай хийгдэнэ. Иргэн хүн сайн дураараа иргэний үнэмлэх дээр мэдээлэл нэмүүлж болно.

 

-Гадаад паспортыг шинэчлэх үү?

 

Гадаадын паспортыг солих тухай асуудал байхгүй. Гурван төрлийн өөрчлөлт гарч байгаа. Харъяалал харгалзахгүй бүртгэлийн төв дээр гадаад паспорт авч байгаа. Хүүхэд 5 жилээр, 16-аас дээш насны хүн 10 жилээр гадаад паспорт олгоно. Сунгалт хийгдэхээ байж байгаа. Энэ нь олон улсын иргэний агаарын тээвэр, хуулийн байгуулагаас гарын үсэг зурах, гараараа тамга дарахыг болиулж байгаа. 2019 оны тавдугаар сараас гадаад паспортод чип олгоно.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Тонил:
Муу заваан өвгөн. Бүртгэлээс өөрийнхөө булхайг хасч бга биз
2018-11-05
Dashdavaa:
Tsag khemnesen khund surtliigkhalsan chukhal khuuli sanaachilj batluulsan Munkhorgil gishuundeebayarlalaa amjiltkhusie
2018-11-04