Тангарагтай “ТОНУУЛЧИД”
2018-11-05

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая.

 

 

УИХ-ын гишүүн бол Ард түмний элч. Айхтар том гуншин бас эрх мэдэл. Нийт монголчуудыг төлөөлсөн эрхтэн дархтнууд. Монгол Улсад мөрдөгдөх, дэлхийн улс орнуудтай харьцах гээд бүхий л хууль дүрмийг кноп даран баталдаг эрх мэдэлтнүүд. Монголд УИХ-ын гишүүд шиг эрх мэдэлтнүүд байхгүй. Монгол төрийн тэргүүн болох Ерөнхийлөгч ямар ч асуудал оруулж ирсэн “унагачихна”. Ерөнхий сайдаас эхлээд төрийн бүх байгууллага тэдний баталж өгсөн төсвийн хүрээнд ажиллана. Монголын хууль тогтоомжоос эхлээд хөрөнгө санхүүтэй холбоотой бүхий л асуудал тэднийг тойрдоггүй. Тиймдээ ч хаана хуулийн цоорхой, дэл сул мөнгө хөрөнгө байгааг андахгүй, байнга “идээстэй”. Ард түмний элч биш ард түмний өмнөөс идэгчид гэж нэрлэвэл илүү үнэнд ойртоно.

 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал сөхөгдөөд бараг сарын хугацаа дөхөж байна. Өдөр өнгөрөх тусам энэ санд хуруугаа дүрсэн төрийн түшээдийн тоо нэмэгдэж, нэрс нь тодорсоор байгаа. Засгийн газрын сайдаас эхлээд УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудын удирдлага гэхчлэнгээр цааш үргэлжлэх жагсаалт төрд ичих нүүргүй идээчид цугласныг харуулна. Хамгийн хачирхалтай  нь  хэдэн тэрбумын хөрөнгөтнүүд тус сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болж, баримт дэлгэгдэн, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн атлаа хэн нь ч гэм зэмээ ухаарсангүй. “Зээл авсан, яадаг юм, буцаагаад төлнө” гэж даналзаж, мөнгөөр зодох нь энүүхэнд байна. Хэн нь ч “УУЧЛААРАЙ” гэж хэлсэнгүй. Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх тангараг хаачив?! Монгол Улс, монголчуудын ашиг сонирхлыг эрхэмлэх тангаргаа улсын хөрөнгө идэж, хумслах давуу эрх гэж андуурав уу.

 

УИХ-ын гишүүдэд төрийн хуулийг дээдлэн сахина гэсэн тангараг бий. Өөрсдийн санаачилж, баталсан хуулиа зөрчдөг нь толгойгоороо хөл хийсэнтэй ялгаагүй. Товчхондоо өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн хэрэг.

 

Уг нь УИХ-д Ёсзүйн хороо гэж бий. Гишүүд нь хууль бус ямар нэг асуудалтай орооцолдвол хуралдах ажилтай. Гэвч өнөөдрийг хүртэл Ёсзүйн хороо хуралдах ямар ч чимээгүй. УИХ, Засгийн газрын гишүүд бага орлоготой бизнес эрхлэгчдэд зориулагдсан зээлээс хумсалсан асуудал сөхөгдөж, гэмт хэргийн хэмжээнд хүрээд  байхад таг чимээгүй хэвээр л байна. Албан тушаал, эрх мэдлээ ашигласан уу гэж асуугаад ч нэмэргүй, ойлгомжтой асуудал үүсээд байхад Ёсзүйн хорооныхон нүдэн балай, чихэн дүлий хэвээр л байна.

 

Ямар ч хяналтгүйгээр төсвийн хөрөнгө хумсалдаг хэсэг бүлэг Тангарагтан төрийн эрх мэдлийг атгаж байгаа нь инээд биш эмгэнэл. Гадаад дотоодын асар их өр, цалин тэтгэвэртэй хүрч ядсан улсын төсөв нь Монгол Улс ядуудаа үүссэн зовлон биш. Харин төрийн эрх мэдлийг тангарагтай тонуулчид эзэлсний гай гачлан нь энэ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hulgai hiidgui Mongol huniig zaagaad og. Bugd hulgaich nar, zalhuu luivarchid. Tom yarihdaa ichihgui busdig shuulmjilne
2018-11-06
Зочин:
Содбаатар юм хийдгүй, сайхан ярьдаг нөхөр дөө.
2018-11-06
Зочин:
Бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй.
2018-11-05
Zochin:
Tangaragtai bas UIG-iin gishuunii haldashgui darhan erheer hamgaalagdsan Tonuulchid.Zeel avsan. zeel olgohod nuluulsun l bol urgusun tangaragaasaa nyatssan. urvasan gesen ug bizde.Yos zuin horoo ni urgudul gomdol irehgui bol avch heleltseh bolomjgui gesen yum yarij suudag.ARAI l ba shu
2018-11-05
Монголчуудаа урд нь гишүүн болж хулгай хийж байсан хүмүүсийг хэзээ ч битгий сонголдоо тэдний намыг бүү сонго. Тархиа угаалгачих ваа
2018-11-05
Содбаатар сда мөнгө авсан нь тодорхой байхад яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ?!Энэ жил арслан Батсуурьт 1 тэрбум 200 сая үнэтэй хаус бэлэглээд л гайхуулаад байсан даа
2018-11-05