Дуут дохио дуугаргаж жагсах нь зөв үү
2018-11-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Шатахууны үнийг эсэргүүцсэн автомашинтай иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жагсаал таван хоног үргэлжилж, автомашинтай иргэд дуут дохиогоо хангинуулж төв талбай, Төрийн ордонг тойрон эргэлдэнэ.

 

Жагсаж болно. Гэхдээ жагсаал цуглаан зохион байгуулахдаа бусдын амгалан, тайван байдлыг алдагдуулахгүй байх ёстой. Шатахууны үнийг эсэргүүцэх нь зөв ч заавал дуут дохиогоо ийн хангинуулах нь бусдын амар амгалан байдлыг алдагдуулаад байна.

 

Ажил хичээл эхлэх цагаар буюу 07.00 цагт жагсаал эхэлж, дуут дохиогоо хангинуулах аж. Энэ цагаар тэртээ тэргүй түгжрэл дээд цэгтээ хүрдэг байтал жагсаал хийж байгаа нь гээд улам түгжрэл үүсгэж, ард иргэдийг бухимдуулах нь төвөгтэй. Нэг хэсэг нь жагсаж байгаа ч нөгөө талд амьдрал үргэлжилж байгааг санаж хэн хэндээ төвөг удахгүй баймаар....

 

Замын хөдөлгөөний удаашралаас шалтгаалж ажил, хичээлээсээ хоцорч буй хүмүүсийн хувьд хажуугаар нь тасралтгүй хангинах дуут дохиог сонсох тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Шатахууны үнэ нэмэгдсэнд хүн бүр л бухимдалтай байгаа. Бухимдал дээрээ улам бухимдал нэмэх гэсэн шиг түгжрэл үүсгэж, дуут дохио хангинуулж жагсах нь хэр зөв юм бол?

 

Дуут дохиогоо дуугаргасан дугараагүй саарал ордныхон угаас “дөжирчихсөн” нөхөд болохыг ЖДҮХС-аас авсан зээлээ “төлчихнө” хэмээн том толгойлж буйгаас нь харж болохоор байна. Шатахууны үнийг эсэргүүцэж, сонгосон гишүүндээ, төрдөө гомдож бухимдахдаа машиныхаа дуут дохиог хангинуулах нь соёлгүй үйлдэл. Энэ үйлдлээрээ эгэл борчууддаа улам л бухимдал нэмээд байна.

 

Дуут дохио бол зөвхөн тээврийн хэрэгслийн жолооч болзошгүй аюулын үед замын хөдөлгөөнд оролцогч бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдод дуугаар дохио өгч, анхааруулахад зориулагдсан хэрэгсэл юм.

 

Тиймээс зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэнэ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн үзэн  торгох хуультай. Тэгэхээр хот суурин доторх замд ийн сигналдах нь учир утгагүй юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин