Габриела Спирли: Улаанбаатарт өвлийн улиралд амьсгалахад хэцүү байдаг
2018-11-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөр"-ийн танилцуулах уулзалт боллоо.

 

Агаарын бохидол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зүрх судас, амьсгалын зам, харшлын эмгэг үүсгэж байгааг олон улс орнуудын судалгаа батлан харуулсан байдаг.

 

Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, ерөнхий Консул Габриела Спирли “Би Улаанбатаар хотод гурван жил гаруй амьдарч байна. Зундаа маш сайхан, хөдөө тэр тусмаа ууланд гарч, аялах сайхан. Швейцарьтай төстэй байгальтай. Харин өвлийн улиралд Улаанбаатарт амьсгалахад хэцүү, өвдөх магадлал өндөр байдаг. Монгол иргэд төдийгүй, тэр дундаа гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тусламж, дэмжлэг хэрэгтэй байна. Өөрчлөлт хийхгүй бол цаашид ингэж амьдрахад хэцүү юм. Сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-аас танилцуулсан тайланд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хамгийн их нөлөө үзүүлж байгаа сөрөг хүчин зүйл гэж тооцсон байна. Мөн дэлхий дээр хагас сая хүүхэд амьсгалын замын халдварт өвчнөөр амь насаа алддаг гэсэн тооцоолол байна. Энэ нь гэр болон гадаах агаарын бохирдолтой шууд холбоотой. Бид анхаарал хандуулахгүй бол энэ байдал цаашид дэлхий даяар даамжрах магадлалтай байна. Тэгэхээр эрүүл мэнд, байгаль орчны салбарынхан томоохон хүчин чадал гаргах хэрэгтэй юм” гэв.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдол жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаад илүү бодит судалгаа гаргахыг хичээж ажиллах юм байна. Үүнд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг албаныхан хэллээ.

 

Г.Сүрэн

 

Shuud.mn
Сонин хачин