Цахим гэмт хэрэгтэнд хууртаж 500 хүн, 80 сая төгрөгөө залилуулжээ
2018-11-07

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манайхан бие биенээ хаа, хаанаа хуурч, мэхлэн хохирол учруулж байна.

 

Төрийн түшээд нь ЖДҮХС-аас зээл авч, жинхэнэ зээл авах ёстой үйлдвэрлэгчдийг хохироогоод өнөө харин уучлал гуйх аян эхлүүлчихээд байна. “Томчууд” нь ийн эгэл бор ард иргэдээ дээгүүрээ залилан мэхэлж байхад “Дайны хажуугаар дажин” гэгчээр цахим гэмт хэрэгтнүүд олширч, бас л итгэмтгий ард түмнээ “хөөрхөн” дөнгөсөөр, эд хөрөнгийг нь залилан мэхэлж, авчихаад байх юм.

 

Хамгийн сүүлд гэхэд Цагдааагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид нийт 500 орчим иргэнээс 80.000.000 /наян сая/ орчим төгрөгийг залилан мэхэлж авсан Болор-Эрдэнэ гэгч этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

 

ЖДҮХС-аас авсан тэрбумаар хэмжигдэх зээлийн хажууд 80 сая төгрөг гэдэг бага мөнгө ч энэ мөнгө эгэл маньд бол их мөнгө шүү. Энэ мөнгийг манай итгэмтгий ард иргэд их энгийнээр залилуулчихаж.

 

 

Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг facebook хаяг хуурамчаар нээн цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцаж иргэдийг залилан, мэхэлсэн байгаа юм.

 

Уг этгээд 2017 оны тавдугаар сарын 1-нээс хойшх байдлаар нийт 500 орчим иргэнийг энэ мэт үгээр хуурч, мэхэлжээ. 500 хүн танихгүй хүнд итгээд л 80 сая төгрөгөө тавиад туучихаж гэхээр Монголчууд үнэхээр итгэмтгий, бас гэнэн юм. Тэдний итгэх үндэслэл нь ердөө л цагдаагийн дүрэмт хувцастай фэйсбүүкийн нүүр зураг байж.

 

Болор-Эрдэнэ гэгч этгээд нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж 156 дугаартай захирамжаар эрэн сурвалжлагдаж, мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр тус тус эрэн сурвалжлагдаж байжээ. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс илрүүлэн БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг хийж байна.

 

Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа.

 

Монгол улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн байна.

 

Иймд иргэд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг:
Ёстой таарсан тэнэгүүд минь, цагдаа хүн ингэж хууль бусаар ажиллаж байна гэж цагдаа, хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийн оронд цагдаад мөнгө өгч асуудлаа шийдүүлнэ гэх нь угаасаа иргэн хүнд байж боломгүй зүйл. Хохь нь шүү дээ, мөнгөө алдчихаад гуншигнах хэрэггүй, харин ч дээр нь та иргэний үүргээ биелүүлээгүй байна. давхар торгох хэрэгтэй
2018-11-08
zochin:
gemt heregten 65 d zaliulan mongoliin 3 say irged 100 terlion munguur hohirchee .
2018-11-07
Болж:
ТАарсан динэгүүд
2018-11-07