Монголын байт харвааны ээлжит их хурал энэ сарын 10-нд болно
2018-11-07

Монголын байт харвааны ээлжит их хурал энэ сарын 10-нд Чингис зочид буудалд болно.

 

 

Их хурлын үдээс өмнөх хуралдаанаар Боловсрол судлалын доктор, дэд профессор Ш.Долгор  “Тамирчдын сэтгэл зүйн бэлэн байдал”,  Технологийн ухааны доктор, ШУТИС-ийн багш Г.Энхтайван “Тамирчны хоол зүй”, Боловсрол судлалын доктор, дэд профессор С.Туул “Байт харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагаа, түүнийг хөгжүүлэх нь”, СЭЗИС-ийн багш Б.Гүндэгмаа   “Тамирчны сахилга бат, ёс зүй” гэсэн илтгэлийг хэлэлцүүлэх юм байна.

 

Харин үдээс хойш Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан Их хурлын дэгийг  танилцуулж, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцүүлж, батлуулан дөрвөн жилийн ажлын тайлагаа тавих аж.  Хяналтын Зөвлөлийн тайланг ХЗ-ийн дарга Б.Лхагвасүрэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн бүтээн байгуулалтын тайлан, танилцуулгыг тус холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд хийх бол “Үндэсний шигшээ багийн өнөөгийн байдал, хэтийн зорилт”-ыг  Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Ю.Ганзориг  сонордуулах гэнэ.

 

Энэ их хурлаар “2018-2028 он хүртэлх байт харвааны хөгжлийн бодлого”-ыг хэлэлцүүлж батлах төлөвлөгөөтэй байгаа аж. 2019  он байтынхны хувьд тун хариуцлгатай жил юм байна. Учир нь ирэх жил 2020 оны Токиогийн олимпийн эрх авах хоёр ч том тэмцээн болох бөгөөд энэ тэмцээүүдэд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа хангах шаардлагатай гэнэ. Монголын байт харвааны холбоо тамирчдаа Японд бэлтгэл хийх асуудлаар тус улсын Оказаки хотын төлөөлөгчидтэй уулзаж, тохиролцсон байна.

Shuud.mn
Сонин хачин