Прокурорын саналыг буцааж, парламент "БҮРЭН ЭРХ"-ээ хамгаалав
2018-11-12

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлж,  бүрэн эрхтэйн үлдээв.

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэг бүхий гишүүд 950 сая төгрөгөөс 1.4 тэрбум төгрөгийн зээлийг  албан тушаалаа ашиглан авснаа эхлээд мэлзэж, дараа нь өөрсдийгөө зөвтгөн хамгаалж, эцэстээ  уучлалт гуйсан дүр эсгэсэлээ.

 

Газар тариалангийн, малын тэжээлийн зэрэг нийт 29 сан Засгийн газрын харъяа яам, агентлагуудад харъяалагддагаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь нийгмийн дундаж давхрагад чиглэгдсэн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чинээлэг дундаж давхрагыг бүрдүүлэхэд зориулж, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жил үндсэн төлбөрөөс чөлөөлсөн зээл. Атал  энэ нь зорилтот бүлэг болох дундаж давхрагынхандаа оногдоггүй, дээгүүрээ хуваарилж аваад, зориулалтын бус “мөнгө угаах” хэрэгсэл болгодог байсан нь өнөөдөр нэр устайгаараа илэрч, илчлэгдээд байгаа.

 

Мэдээллийн давуу байдлаа ашиглаж  жирийн иргэн зээл авч болох ч энэ нь төрийн түшээдэд үйлчлэх бүү хэл хамаарахгүй, хориотой үйлдэл. Учир нь  төрийн түшээ бол Монгол улсын иргэн хэдий ч эгэл жирийн нэгнээс давсан “халдашгүй бүрэн эрх”-ээр хамгаалагддаг.  Тодруулбал, асуудалд УИХ-ын гишүүд энгийн иргэний биш төрийн хүний ухаанаар хандах ёстой. Атал УИХ-ын гишүүд төрийн ажлыг төрлийн ажилтайгаа хутган, дундаж давхрагынханд зориулсан зээл рүү дархан эрхээ ашиглан халдаж, ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсныг нийгэм уучилж чадахгүй хэмээн давалгаалж байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналд  “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.   Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн”-ийг онцолсон.  Цаашлаад нэр бүхий дөрвөн гишүүд шалгагдаж байгааг прокурор М.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулахдаа дурдаж байна лээ.

 

Харин 64-ийн бүдүүлэг энэ удаад Б.Батзоригийг бус өөрсдийгөө хамгаалж, “бүрэн эрх”-ийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэн, прокурорын саналыг буцаав.

 

Харин парламентын, олонхийн өмнө Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ганцаардахгүйгээр тэдний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхээ хамгаалсан асуултад нь тас хийсэн хариулт өгснийг олон нийт талархан хүлээн авч байгаа.  Тухайлбал, Гишүүн М.Оюунчимэг УИХ-ын гишүүдийг загналаа, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн “сонгогдох, сонгох эрхээ мэд” зэргээр шүүмжилж байсан. Гэхдээ парламентад  сонгогч М.Энх-Амгалан бус Монгол Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх  саналаа оруулж хэлэлцүүлж байгааг халдашгүй эрхээ хамгаалсан түшээдийн ойлгохыг үл хүсэн улайрсан үйлдэл төрийн нэр хүндийг сэвтүүлсээр байна.

 

“Төрийн түшээд бол төрийн нүүр царай, нэр төр. Тиймээс биднээс ёс зүй эхэлнэ” гэж УИХ-ын даргын хэлсэн үг тээр жилийн хаврын салхинд хийсэн одсон бололтой.

 

Үг, үйлдлээ цэгнэдэг төрийн хүний ёс суртахууныг энэ парламентаас нэхээд ч хэрэггүй дэг. Нэгэнт хийсэн үйлдлийг нийгэм уучлахгүй. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин