Нүүрс тээврийн машины кабин шатаж, жолоочийн биеийн 95 хувь нь түлэгджээ
2018-11-13

Энэ сарын 9-ны өдөр Тавантолгойн нүүрс тээврийн машины кабин шатаж, жолооч Д нь түлэгджээ. Түүний биеийн 95 хувь нь түлэгдэж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулахад ухаангүй байгаа аж. Машинд байрлуулсан зориулалтын бус халаалтын төхөөрөмжөөс үүдэн гал гарсан байна.

 

 

Тус жолооч Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг тээвэрлэдэг “Омогт цагаан шонхор” компанийн машиныг жолооддог байжээ. Гэвч тус компанийн зүгээс жолоочийн эмчилгээний зардлыг өгөхөөс татгалзсан байна. Тиймээс жолоочийн эмчилгээний зардлыг өгтөл Омогт цагаан шонхор компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа. Энэ асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт ханджээ.

 

Мөн жолоочийн эмчилгээний зардалд өдөрт хоёр сая төгрөг гарч байгааг түүний ээж хэлж байна. Жолоочид донор арьс нөхөх эмчилгээ хийх аж. Гэвч манайд донор арьс байхгүй учраас гадаадаас захиалж авах шаардлагатай.  Тиймээс эмчилгээнд зориулж хандив өгөхийг уурхайчид болон ард түмнээс хүслээ.

 

Ажлын байрандаа үйлдвэрлэлийн осолд өртсөн жолоочид хариуцагч “Омогт цагаан шонхор” компани ямар ч тусламж үзүүлээгүй гэнэ. Харин Оюутолгой компани онгоцны зардлыг 50 хувийг дааж, жолоочийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин