Манай улсад 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтад зориулж, “Тэнгэрийн өрх” хөшөөг бүтээсэн юм. Урчуудын эвлэлийн гишүүн зураач Адъяабазарын Чадраабалын бүтээсэн уг хөшөө өндөр өртгөөр бүтсэнээс гадна өдгөө хариуцах эзэнгүй байгаа талаар Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг мэдээлж байв.
Харин өнөөдөр хөшөөг бүтээгч уран бүтээлч А.Чадраабал үүнд тайлбар хийлээ. Тэрбээр уран бүтээлийг гутаан доромжилж байгаад маш гомдолтой байгаагаа илэрхийлээд хөшөөний утга санааг тайлбарлалаа.
Олон нийтийн сүлжээнд “Тэнгэрийн өрх” хөшөөг “хятадын төмсөг”, “хорт хавдар” хэмээн доромжилжээ. Энэ тухай уран бүтээлч “Би бол чөлөөт уран бүтээлч, Монгол Улсын жирийн иргэн. Түүхээс АСЕМ-ын анхдагч нь их хуралдай гэдгийг олж мэдсэн. Монголчууд зөвхөн зэр зэвсгээр дэлхийн талыг эзэлсэн юм биш. Монгол хүний уураг тархи асар хүчтэй байсныг би энэ бүтээлээрээ харуулах гэж зорьсон. Дэлхийн бодлогыг монгол гэрээс Эзэн богд Чингис хаан, түүний үр сад тодорхойлсныг энэ бүтээлээрээ харуулахыг зорьсон. Түүнээс хятадын төмсөг биш. Уран бүтээлч хүний уран бүтээл рүү ингэж дайрч болохгүй. 1937 он биш дээ” хэмээн бухимдангуй хөшөөний утга санааг тайлбарлалаа.
Б.Учрал