АНУ-ын Вашингтон хотноо төвтэй "Center for Strategic and International Studies" байгууллагын судлаачид энэ долоо хоногийн эхээр "Хойд Солонгос улсад хамгийн багадаа 13-20 пуужингийн бааз үйл ажиллагаагаа явуулж байна" хэмээн мэдээлсэн билээ.
Судлаачид сансрын хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн дээрх мэдээллийг хийжээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн үзэл бодлоо твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдэв.
Цагаан ордны тэргүүн "Энд баригдаж байгаа байгууламжуудыг бид нэг бүрчлэн мэдэж байгаа. Шинэ зүйл огт алга" хэмээсэн бол хэсэг хугацааны дараа "Нөхцөл байдал буруугаар эргэвэл би та бүхэнд дуулгах болно" гэж жиргэжээ.
Сингапурт өнгөрөгч зургаадугаар сард ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан. Уг уулзалтын үеэр Ким Чен Ун цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоож, олон улсын өмнө пуужингийн талбайнуудаа устгасан юм. Хэрвээ Хойд Солонгос нууцаар пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж буй бол хоёр улсын дунд байгуулсан энхийн тунхаглал хүчингүй болох эрсдэлтэй байгаа.
Энэ долоо хоногт хоёр улсын удирдагч нарын уулзалт зохион байгуулагдахаар баригдаж байсан ч Хойд Солонгосын төлөөлөгчид тохиролцсон хугацаандаа Нью Йорк хотноо ирээгүй хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн юм.
Хоёр улсын төлөөлөгчид ТРАМП-КИМ нарын уулзалтаас урьтаж, зарим асуудлаар хэлэлцээр хийхээр тохиролцоод байжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |