Д.Амартүвшин: Бид “данхар төр”-өөс салах гарцыг хайна
2018-11-15

Либертари үзэл санааг дэмжигчид цуглаж, данхар төрийн зовлонгоос хэрхэн салах талаар гарц хайхаар болжээ. Энэ тухай ярилцах “Liberty Summit Mongolia 2018” хурал энэ сарын 22-нд зохион байгуулагдана. Хурлын талаар зохион байгуулагч, “Мизес Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Амартүвшинтэй ярилцлаа.

 

 

-Монголд анх удаа зохион байгуулагдах “Liberty Summit Mongolia 2018”-ын талаар мэдээлэл өгөөч. Ямар зорилготой арга хэмжээ болох вэ?

 

-Энэ арга хэмжээ маань гурван үнэт зүйлийг үзэл санааныхаа тулгуур болгодог хүмүүсийг цуглуулах зорилготой. Чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөө гэсэн гурван үнэт зүйлийг ойлгодог, дэмждэг хүмүүс нэг дор цугларна гэсэн үг. Ийм үзэл санаатай хүмүүс жилдээ нэг удаа цугларч, хоорондоо танилцаж, мэдээлэл солилцоно. Ингэхдээ Монголын нийгэмд тулгарч байгаа асуудлуудаас сонгож, энэ үзэл санааныхаа хүрээнд хэрхэн шийдвэрлэх гарцыг хайж, ярилцах талбар болох юм.

 

-Тэгвэл энэ жил ямар асуудлыг сонгож авсан вэ?

 

-Жил бүр өөр өөр сэдвээр ярилцана. Энэ жил “Данхар төр ба Монгол Улс” гэсэн  сэдвийн хүрээнд “Liberty Summit Mongolia 2018” арга хэмжээ явагдана.

 

Монголд үүсч байгаа ихэнх асуудал хэтэрхий томорч, данхайсан  төрөөс үүдэлтэй байна. Хамгийн сүүлд гарч ирсэн ЖҮДХС-гийн асуудал ч төр маш их эзэнгүй мөнгөтэй байгаагаас  үүссэн. Эзэнгүй мөнгийг хэн нэгэн хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн зарцуулах нь мэдээж. Дээр нь хувьчлаагүй олон өмч, төрийн олон сан, тусгай зөвшөөрөл өгдөг олон байгууллага зэргээр эдийн засгийн хөгжлөөс хойш нь татаж байгаа олон зүйлийг нэрлэж болно. Тиймээс бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, яагаад ийм тогтолцоо буруу талаар ярилцана.

 

-Хурлын илтгэгчид хэн хэн байх вэ?

 

-Монголд энэ үзэл санаагаар манлайлдаг хүмүүс илтгэгчээр оролцоно. Тухайлбал, Алтан тариа компанийн захирал П.Цэнгүүн, Монгол айди ХХК-ийн захирал Д.Энхчимэг нар  илтгэл тавина. Мөн философийн ухааны доктор Б.Батчулуун ямар хөрсөнд эрх чөлөө цэцэглэж болдог талаар илтгэл тавина.

 

Тэднээс гадна УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Дэ Факто” Д.Жаргалсайхан, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, нийтлэлч Д.Батбаяр зэрэг хүмүүс оролцож, данхар төрд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцана.

 

-Манайд ийм үзэл санаатай цөөнгүй хүн байгаа байх. Илтгэгчийг яаж сонгов?

 

- Монголд бол энэ үзэл санаа шинэ зүйл. Бид 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэн ч чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөний тухай ойлголт 2000 оноос эхлэлтэй. Энэ үед анхны номнууд хэвлэгдэн гарсан.

 

П.Цэнгүүн, Б.Батчулуун нарын хүмүүс энэ үзэл санааны лидер, манлайлагчид нь. Монголд аль хэдийнэ танигдсан. П.Цэнгүүн захирал гэхэд хувь хүний эрх чөлөөтэй холбоотой маш олон номыг орчуулсан. Б.Батчулуун багш бол энэ үзэл санааг философийн түвшинд ярьдаг.

 

-Чухал сэдвийн хүрээнд ярилцах юм байна. Хурлаас үр дүн хүлээх үү?

 

-“Liberty Summit” бол платформ. Чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөө гэсэн гурван үнэт зүйл дээр тулгуурласан үзэл санаатай хүмүүс нийлж суугаад, асуудлаа ярилцаж, мэдээллээ солилцоно. Ардчилсан нийгмийн хамгийн гол зүйл бол хоорондоо ярилцаж ойлголцон, асуудлынхаа гарцыг хайхад оршдог.

 

Аливаа хувьсгал эхлээд хүний тархинд явагддаг. Дараа нь хувьсгал болж, нийгэм өөрчлөгддөг. Тархиндаа боловсруулаагүй гарвал юуг, яаж өөрчлөх, яагаад өөрчлөх ёстойгоо мэдэхгүй цаг хугацаа алдсаар байдаг.

 

Олон Засгийн газар, нам, хүмүүсийг сольж үзлээ. Залуугаа хөгшнөөр, хөгшнөө залуугаар сольж үзлээ. Гэвч бахь байдгаараа байгаагийн шалтгаан нь асуудлын гарцыг тодорхой үзэл санаа, онолын түвшинд хардаггүй. Хэн сонгогдож байгаа нь гол асуудал биш. Харин төр хэтэрхий том, данхар байгаад гол учир нь байгаа юм. Энэ хурал дээр ирж, энэ талаар илүү их мэдээлэл авч, оюун санааны хувьсгалын нэг хэсэг нь болохыг залуустаа уриалж байна. Энэ үзэл санаанд нэгдэх бүх хүнд нээлттэй.

 

-Цаашид хурлын цар хүрээ хэрхэн тэлэх вэ? Олон улсын шинж чанартай болох уу?

 

-Олон улсад ийм хурал маш олон зохион байгуулагддаг. Бид 2019 оны зургаадугаар сард олон улсын хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байгаа. Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ийм үзэл санаатай хүмүүсийг цуглуулж, бүс нутагтаа ямар өөрчлөлт хийх талаар ярилцана. Ази болон Монголын чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөг дэмждэг хүмүүсийг цуглуулдаг талбар болно.

 

“Liberty Summit Mongolia 2018” хуралд оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зссс хөөрчихсөн хэдэн гар.
2018-11-29
Зочин:
Сэтгэгдлүүд нэл атаархал хахахах.
2018-11-16
зочин:
өөртэйгөө адилхан баагинйуудаар илтгэл тавиулах нь дээ ккк. наадуулынхаа оронд төрийн байгууллагад анхан шатнаас нь эхэлж ажиллаж буй нам бус хүмүүсээр яриул. наад хэд чинь намын томилгоогоор төр самралцаж байсан, нам санхүүжүүлэгч нар байна.
2018-11-15
зочин:
илтгэл тавиулахаар магтаад байгаа хүмүүс чинь төрд анхан шатнаас эхэлж ажиллаж байгаагүй дийлэнх нь намын томилгоотой төрийг самралцаж байсан хүмүүс байна. элдэв цол гуншин хөөхийн оронд төрд насаараа зүтгэж буй жирийн хүмүүсээр илтгэл тавиул.
2018-11-15
төрийн албан хаагч:
ккк. энэ залуу аль нэг аймгийн баг эсвэл сум, хөдөө явахгүй гэвэл нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хороонд нэг сар ажиллаад үз дээ. эсвэл сургууль, эмнэлэг, цэцэрлэг, төсвийн жижиг байгууллагад ажиллаад үз. Муу хэлүүлээд байгаа төрийн албан хаагчид өөрсдийнхөө цалингаар гэр бүлээ тэжээхээс гадна тэр төсвийн төрийн байгууллагынхаа чийдэнгээс эхлээд бусдад "жижиг сажиг" гэсэн зүйлсийг, наад зах нь бичиг хэрэг, тээврийн зардлыг нь барагдуулдаг юм шүү. Төрийн шат дамжлагыг цөөлөх замаар оновчтой бүтцийг бий болгох л ёстой. түүнээс төр данхгар биш. Намын томилгоотой хүмүүс л илүү орон тоо шүү.
2018-11-15
зочин:
илтгэл тавиулахаар магтаад байгаа хүмүүс чинь төрд анхан шатнаас эхэлж ажиллаж байгаагүй дийлэнх нь намын томилгоотой төрийг самралцаж байсан хүмүүс байна. элдэв цол гуншин хөөхийн оронд төрд насаараа зүтгэж буй жирийн хүмүүсээр илтгэл тавиул.