Сингапурт зохион байгуулагдаж буй Зүүн Азийн улсуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Японы эрх баригчид уулзаж, олон жил яригдаж буй найрамдлын гэрээ байгуулахаар тохиролцсон талаар "TASS" агентлаг мэдээллээ.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Дэлхийн II дайнаас хойш хоёр улс газрын нутгийн маргаантай байгаа юм.
Хоёр улс 1956 онд найрамдлын гэрээ байгуулах тунхаг бичиг байгуулж байсан ч газар нутгийн маргаанаас болж, уг хэлэлцээр өнөөг хүртэл гацжээ.
Тэгвэл уг тунхаг бичигт тулгуурлан найрамдлын гэрээ байгуулахаар Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Шинзо Абе нар тохиролцсон аж.
Удирдагчид Курилын өмнөд арлуудад аж ахуйн хамтарсан үйл ажиллагааг явуулах гэрээг үзэглэсэн ба уг ажил ирэх оноос ажил хэрэг болох гэнэ.
МОСКВА, ТОКИО нар асар их байгалийн баялагтай бүсэд загасны аж ахуй, хүлэмжийн аж ахуй, аялал жуулчлал, салхины эрчим хүч, хог хаягдлыг дахин боловсруулах гэсэн таван чиглэлээр хамтран ажиллах юм.
Кремлийн тэргүүн энэ оны эхээр Японы эрх баригчдад хандан ямар нэгэн болзолгүйгээр найрамдлын гэрээ байгуулах санал гаргасан билээ. Токио хариуд нь газар нутгийн маргааныг бүрэн шийдвэрлэх хүртэл ямар ч гэрээ байгуулахгүй гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |