Ч.Улаан: Хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана
2018-11-16

Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлэв. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Өнгөрсөн онд Мал амьтаны, Малын генетикийн багц хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхлээгүй байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ямар ажил хэрэгжүүлэх вэ?

 

ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улаан:

 

-Өнгөрсөн онд бид маш чухал хоёр хууль баталсан. Энэ хуулиудын ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.  Энэ хуулийг хэрэгжүүлэх эрхзүйн үндэс бүрдсэн. Зохион байгуулалт сайн хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Ялангуяа хууль хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд энэ ондоо асуудлыг бүрэн шийдэх ёстой. Аль болохоор хурдтай хэрэгжүүлэхийг хичээх болно. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Өнөөдөр мал аж ахуй хөгжиж байгаа ч бэлчээрийн даацын асуудал анхаарал татаж байгаа. Үржил шимгүй болсон, талхлагдсан бэлчээрийг сайжруулах хэрэгтэй. Тиймээс бэлчээрийн даацыг сайжруулах хуулийг оруулж ирэх хэрэгтэй байна. 

 

Байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир:

 

-Хөдөө аж ахуйн салбар улсын суурь салбар. Сүүлийн жилүүдэд бодлого алдагдсан. УИХ, Засгийн газраас бодлогын гажуудлыг арилгахын төлөө ХХААХҮЯ бүхий л чадлаараа сайн ажиллаж байгаа. Газар тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж ажиллах хэрэгтэй. 

 

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалаа. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилохыг дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин