“Энто” компаниас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг буруутгалаа
2018-11-19

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, Энто компанийн оруулж ирдэг Вифeрон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэхгүй байхыг зөвлөсөн юм. Тэгвэл хариу мэдэгдлийг Энто компаниас хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

“Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн зөрүүтэй байр суурь, мэдээллээс болоод хэрэглэгчид хохирдог. Иргэд сайдын хэлсэн “энэ лаа 1-2 жилийн дотор хүүхдийн дархлааг устгадаг” гэдэгт тайлбар хийхийг биднээс шаардсан” гэдгийг Энто компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баянмөнх хэллээ. Тиймээс тус компанийн зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг зөрүүтэй, худал мэдээлэлдээ залруулга хийхийг шаардав.

 

Мөн тэрбээр “Эм судлалын салбар зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хурлаар Вифeрон лааг эмнэлзүйн салбарт хэрэглэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн. Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар хүүхдийн эмнэлзүйд хэрэглэх боломжтой гэдгийг тогтоосон” гэдгийг хэлэв.

 

Тус компаниас Сүхбаатар дүүргийн иргэний болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Ингэхдээ компанийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

 

Вифeрон лааг 2010 онд эмийн бүртгэлд бүртгэж, Монголд найм дахь жилдээ борлуулагдаж буй аж. Харин ОХУ-д 20 жил хэрэглээнд байхдаа ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй гэдгийг тус компаниас хэллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өөрөө юм мэдэхгүй байж эмнэлэг, анагаах ухааны доктор, профессорууд зүгээрээ, сайн эм гээд байхад ойлгодоггүй энэ Сарангэрэл огцор. Шал тэнэг авгай!!!
2018-11-20
зочин:
Ер нь мэргэжилийн бус хүн салбарын сайд хийх маш буруу ажлаа мэдэхгүй хүн хүнд юу хэлэх юм бэ хүний толгойгоор л асуудлыг шийднэ.
2018-11-20