Нүүрсний уртын урт тээврийг цуцалж, урт богино болголоо
2018-11-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Засгийн газрын өнөөдрийн /2018.11.28/ хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт, богино болгох шийдвэрийг гаргалаа. 

 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна. Түүнчлэн Ерөнхий сайд нүүрс тээврийн 161 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилж байна.

 

Мөн ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө. Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо. Өнөөдөр Монгол улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэйгээ нийлээд нийт 13079 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байна. 13 мянган жолооч хүнд нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байна" хэмээв. 

 

Дашрамд дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нь уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин