Гал түймэртэй тэмцэх нь зөвхөн Онцгойгийн ажил биш
2018-11-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймрийн улмаас 68 иргэн амь насаа алджээ.

 

Хамгийн сүүлд гэхэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Хар дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 55 км-т/ малчин М-ийн 4 ханатай гэр, малын хашаа, бууц 11.26-ны өдрийн 09:50 цагийн орчим шатжээ. Уг гал түймэрт иргэн Ц /92 настай, эмэгтэй/, Ц /80 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна. Мөн уг гал түймэрт хүүхэд өртсөн байж болзошгүй бөгөөд нарийвчилсан шалгалтыг хийж байгаа аж.

 

Объектын гал түймрийн дийлэнх тохиолдол нь бага насы хүүхдийг хараа хяналтгүй орхисноос гарч, харамсалтай үйл явдал болж буйг Онцгой байдлын ерөнхий газраа анхааруулж байна. Мөн гал түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн Онцгой байдлын алба хаагчдын анхаарах ажил биш, иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байна.

 

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин