Элчин сайд З.Чинтүшиг Итгэмжлэх жуух бичгээ гардуулав
2018-12-06

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2018 оны 12 дугаар сарын 4-ны өдөр АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Эрхэм дээд Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактуумд Итгэмжлэх жуух бичгээ гардуулав. Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Элчин сайд З.Чинтүшиг Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактуумд Үндэсний баярын өдрийг нь тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Шейх Мохаммед бин Рашид Аль-Мактуум Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

 

 

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаанд АНЭУ-ын Дубайн дэд захирагч бөгөөд Сангийн сайд Шейх Хамдан бин Рашид Аль-Мактуум, Холбооны үндэсний зөвлөлийн дарга Амал Кубейси, Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Сейф бин Зайид Аль-Нахъян, Шадар сайд бөгөөд Ерөнхийлөгчийн асуудал хариуцсан сайд Шейх Мансур бин Зайид Аль-Нахъян болон Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны сайд Шейх Абдулла бин Зайид Аль-Нахъян нарын зэрэг Холбооны Засгийн газрын гишүүд байлцав.

 

Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд тус улсад 2020 онд зохион байгуулагдах ЭКСПО-2020 Дубай арга хэмжээнд Монгол Улс оролцохоор төлөвлөж байна.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин