Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтын явцад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт болон хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, ЭБАТ-ны үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч хамтран ярилцахаас гадна 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх Төрийн албаны тухай хууль болон бусад дагалдан гарч буй дүрэм, журам, тэдгээрийн зохицуулалт, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, захиргааны акт, шийдвэр гаргахад практикт гарч буй нийтлэг зөрчлийн талаар Төрийн албаны зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч нараас мэдээлэл өгч сургалтад хамтран оролцох юм байна.

 

2018 онд ХАСХОМ гаргах үүрэгтэй 40 мянга орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажилласан бөгөөд мөн 2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулах төдийгүй, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус газраас цахим системд шинэчлэл хийн ажиллаж байна.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХОМ авахын ач холбогдол нь юу юм бэ? Ганц ч хүний хууль бусаар хөрөнгөжсөн асуудал яригдсангүй. Өрх тусгаар хүүхдийн данс, хадгаламж, эцэг эх, ах дүү нарын хөрөнгө мөнгө гэж асуудагаа эргэж хармаар юм.
2018-12-12