Хятадын шүүх “Apple”-д хориг тавилаа
2018-12-12

Хятадад “Apple” компанийн гар утсуудыг зарахыг хоригложээ. Энэ талаар “ВВС” болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. 

 

 

Дэлхийн ухаалаг утасны салбарт ноёлоод буй “Apple”компани Ази тив дэх нөлөөгөө алдахад хүрлээ. Учир нь БНХАУ-ын Анхан шатны шүүх тус компанийн нэрийн бүтээгдэхүүн гэгддэг “Iphone”ухаалаг гар утасны зарим загварыг эх орондоо борлуулахыг хориглосон шийдвэр гаргажээ.

 

Шүүх өчигдөр дээрх шийдвэрийг гаргаж, компанийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн гэнэ.

 

“Apple”-ийн энэ онд гаргасан “iPhone XS”, “iPhone XS Plus”, “iPhone XR” загварууд хоригт багтаагүй боловч “iPhone 6S”, “iPhone 6S Plus”, “iPhone 7”, “iPhone 7 Plus”, “iPhone 8”, “iPhone 8 Plus” болон “iPhone X” загваруудыг зах зээлд борлуулахыг шүүхээс хоригложээ.

 

Энэ нь хоёр жилийн турш үргэлжилсэн “Apple” болон Америккийн чип үйлдвэрлэгч “Qualcomm”-ийн хоорондын “Оюуны өмчийн маргаан”-тай холбоотой юм. “Qualcomm” дээрх маргааныг эцэслэн шийдвэрлүүлэхээр БНХАУ, Герман болон АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

“Qualcomm патентыг ашигласныхаа төлөө “Apple” компани бидэнд нийт долоон тэрбум ам.доллар төлөх учиртай” гэж  тус компанийн Захиргаанаас мэдэгдэв.

 

“Qualcomm”-ийн хуулийн хэсэг “iPhone 6” болон “iPhone X” гар утаснууд манай байгууллагын хоёр ч патентыг хулгайлсан. Эдгээр гар утсаар авсан зургийн хэмжээг томруулах, засварлах болон мэдрэгчтэй дэлгэц ашиглан апп-уудыг зөөж, эрэмблэх үйл явц нь “Qualcomm”-ийн оюуны  өмч” гэж мэдэгджээ.

 

Уг мэдэгдлийн хариуд “Apple” компани “Манай байгууллага хэнд ч төлбөр төлөхгүй. “Qualcomm” компани “Монополын эсрэг хууль” зөрчиж, олон патент нэг дор эзэмшсэн. БНХАУ-ын зах зээлд “Iphone” гар утсыг худалдахад хориг тавьсан нь энэ “Qualcomm”-ийн мухардсан үйлдэл. Бодит байдал дээр манай ухаалаг утас болон бусад бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлд эрэлттэй хэвээр байна” гэж мэдэгджээ.

 

“Apple” компани өнгөрөгч санхүүгийн жилд нийт 265.6 тэрбум ам.долларын орлоготой ажилласан юм. Нийт ашгийн 20 хувь бус 51.9 тэрбум ам.долларыг БНХАУ-ын зах зээлээс олсон байна.

 

Ийнхүү хүчирхэг технологийн компаниуд зөрчилдөөнөөс болж, худалдааны дайн дахин дэгдэх эрсдэлтэй боллоо. “Apple”-ийн талаас БНХАУ-ын шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлж “Ашиг сонирхлын зөрчил байж болно” гэв.

 

Тус компани “АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадад баривчлагдаад буй БНХАУ-ын технологийн “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мен Ванжоугийн асуудалтай холбоотой” гэж таамаглал дэвшүүлжээ.

 

 

АНУ-ын Засгийн газар Ванжоуг эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, борлуулсан хэмээн буруутгаж буй. Тэрбээр уг хэрэгт холбоотой нь тогтоогдвол хамгийн багадаа 30 жилийн ял авч болзошгүй байна.

 

Ванжоу Иран улстай холбоо тогтоож, худалдаа хийгээгүй хэмээн мэдэгдэж, эрх баригчдаасаа тусламж хүсчээ. БНХАУ-ын Засгийн газар “Энэ бол өдөөн хатгалга. Нэн даруй Ванжоуг суллахгүй бол хариу арга хэмжээ авна” гэж сануулжээ.

 

Шинжээчид “Apple”-ийн захиалгаар “Huawei”-ийг захирлыг баривчилсан гэх таамаг дэвшүүлсэн аж. Учир нь “Huawei”-ийн борлуулалт өсөх, хэрэглэгчдийн тоо нэмэгдэх тусам “Apple”-д хүнд цохилт болж, дэлхийд эзлэх байр суурь нь багассаар байна.

 

Уг дуулиантай зэрэгцэн сүүлийн үед АНУ-тай нөхөрлөх болсон Японы эрх баригчид БНХАУ-ын“Huawei” болон “ZTE” компанийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлдээ нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргажээ.

 

АНУ-ын эрх баригчид энэ зун мөн тус компаниудын тоног төхөөрөмжийг улсын байгууллагууд нийлүүлэхийг хориглосон юм. Учир нь эдгээр компаниуд БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг ба “тагнуулын байгууллагаас өөрцгүй” гэж мэдэгдэж, олон улсыг сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
wok:
manaihan dan ZTE n baahan yum oruulj ireed shahchihsan odoo nuuts gej baihgui bolson baihoo ZTE chine dan davhar chiptei geed baruund horigloson shuudee medeelel alddag damjuuldag geed
2018-12-12