Алтжин, Барс захаас зөрчилтэй 39 сая төгрөгийн бараа илрүүлжээ
2018-12-12

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг есөн дүүрэгт хийжээ. Хүнсний эрүүл ахуй, барилга техник, эрүүл ахуй зэрэг чиглэлээр 47 иргэн, 85 аж ахуйн нэгжийг шалгаж, 116 зөрчил илрүүлжээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвд зарагдаж буй хаяг шошгын зөрчилтэй хоёр нэр төрлийн 6035 төрлийн 39 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаан татуулсан байна. Мөн хүнсний үйлдвэрүүдэд ашиглагдаж буй хүнсний будаг, саа, үрлэн чихэр, чанамал, шоколад зэрэг 3.3 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. Шалгалтаас үүдэн 4 аж ахуйн нэгж, 2 иргэнд 4.7 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж.

 

2018 онд нийслэлд хоолны хордлогын найман удаагийн дэгдэлт гарч, 223 хүн өвчилсөн байна. Үүнээс зургаа нь нийтийг хамарсан зохин байгуулалттай арга хэмжээ, хүлээн авалтаас үүдсэн. Тиймээс нийтийг хамардаг шинэ жилийн арга хэмжээний хоол хүнсэнд анхаарах, зөв хадгалахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

 

 

Үүнээс гадна шинэ жилийн бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, хаяг шошготой сайтар танилцахыг хүсч байна. Мөн ил задгай зарж буй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг уриаллаа.

 

 

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин