Камерын бичлэгийг өөрчилж, нотлох баримт устгасан гэдэг ташаа мэдээлэл
2018-12-17

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч өндрөөс унаж амиа алдсан хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-ны өдөр гарсан.  Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа.

 

 

Талийгаачийн ах, Франц улсад оршин суудаг Ч.Гэрэлхүү шүүх эмнэлгийн шинжилгээний хариу хойшилсон, талийгаачийн үхэлд найз залуу Н гэгч холбоотой, хуулийн байгууллагынханх хэт нэг талыг барьж амиа хорлолт болгох гэж оролдож байна зэрэг мэдээллийг өөрийн цахим хуудсандаа байршуулах болсон.

 

Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “ХУД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас иргэн Ч нас барсан хэрэгтэй холбогдуулан ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр гадаадад суугаа иргэнээс цагдаагийн байгууллага камерын бичлэг, баримтуудыг шалгахгүй байна, баримт солигдсон гэх мэдээлэл явуулж байгааг албан ёсоор няцааж байна. Цагдаагийн байгууллага бүхий л мэдээлэлд холбогдох шалгалтыг хийж байгаа.

 

Талийгаач амиа алдах үед орон сууцны лифтний бичлэгэнд үлдсэн хоёр иргэнийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулахад тухайн хоёр иргэн нь холбогдолгүй болох нь тогтоогдсон. Харин тухайн иргэд олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтэн мэтээр зарласан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа.

 

Хавтаст хэрэгт авагдсан хувцас өөрчлөгдсөн хавтаст хэргээс нотолох баримт алга болсон гэдэг нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хэргийн газраас хураагдсан эд зүйлсээс алга болсон зүйл байхгүй. Тухайн иргэний тавьж байгаа мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллага анхааралтай нягталж шалгаж байгаа. Ач холбогдолтой баримт байвал цагдаагийн байгууллагад хандаж, хуулийн дагуу шалгуулахыг хүсч байна” гэлээ.

 

Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Шаардлагатай гэж үзвэл шалгалтын ажиллагаа дууссаны дараа прокурорын зөвшөөрлийн дагуу олон нийтэд мэдээлэл өгнө гэдгийг хэллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин