АМГТГ: Автогазны үнэ буурах боломжтой эсэхийг судалж байгаа
2018-12-18

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч энэ оны аравдугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурчээ. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн байна.

 

Мөн ОХУ-ын “Роснефть” комданиас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706 ам.доллар/тн болоод байна.

 

Үүнтэй уялдуулан Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар /2018.12.04/ нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцсон.

 

Энэ уулзалтын дараагаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн АИ92 автобензины үнэ 100 төгрөгөөр буурах бол  харин автогаз өнөөдрөөс /2018.12.04/ эхлэн 150 төгрөгөөр буураад байна” хэмээн мэдэгдсэн. Сайдын “өнөөдрөөс” эхэлж 150 төгрөгөөр буурсан автогазны үнэ 14 хоногийн дараах байдлаар /2018.12.18/ огтхон ч хямдраагүй урьдын адил 1350 төгрөгөөр худалдаалагдсаар л байна. Монголдоо хийн түлшний анхдагч борлуулагч гэж хэлж болохуйц “Дашваанжил” ХХК болон “Горгаз” ХХК, “Тэс петролиум”, “Юнигаз”, “Синчи ойл” зэрэг бүхий л хийн түлш борлуулагч аж ахуй нэгжүүд үнээ бууруулаагүй байна.

 

 

Үнэ яагаад хямдрахгүй байгаа талаар “Дашваанжил” ХХК-ийн түгээгчээс асуухад “Мэдэхгүй, дарга нар хуралдаж байгаа гэсэн” хэмээх аж. Харин тус компанийн олон нийттэй харилцах ажилтан “Манайд үнэ хямдруулах тухай мэдэгдэл ирээгүй” гэлээ.

 

Уг нь УУХҮЯ-аас  “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэлийг хүргүүлсэн.

 

Хийн түлш борлуулагчдаас хариулт олдоогүй тул Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтнээс тодруулахад “УУХҮ-ийн сайдаар ахлуулсан манай шатахууны үнийн зөвлөл автогазны үнийг бууруулах боломжтой эсэхийг судалж байгаа. Дэлхийн зах зээлийн үнэ ханшийг дотоод худалдан борлуулж буй ханштай харьцуулах зэргээр судалсны дараа үнийг бууруулах боломжтой эсэхийг шийднэ” гэв.

 

Судлаач үгүй байхад нь сайдын ам түргэдчих вүү. Автогазын үнэ өнөөдрөөс эхэлж /2018.12.18/ 150 төгрөгөөр буурлаа гэсэн чихэнд чимэгтэй үг сонссоноос хойш шингэрүүлсэн хийн хөдөлгүүртэй автомашины жолоочид “өнөөдөр буурна байх аа” гэсэн горьдлого тээж, бүлтийтэл хүлээж байгаа. Гэтэл даруй 14 хоног өнгөрсөн ч автогазны үнэ буураагүй, ерөөс буурах үгүй нь ч тодорхойгүй байгаа гэнэ.

 

Манай улсад хийн хөдөлгүүртэй 20 орчим мянган тээврийн хэрэгсэл байдаг гэх сүүл үеийн судалгаа бий. Автогаз нь НӨАТ-өөс чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнд хамаардаг тул татваргүй оруулж ирдэг бүтээгдэхүүн. Гэтэл хийн түлш борлуулагч аж ахуй нэгжүүд үнээ бууруулахгүй байгаа нь хэр зөв юм бол?

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Oros shig chanartai gaz zardag bol yaay gehev . Gaaliin tatvargui chanargui shingeruulj nairuulj zardag bjiij buulgaachee ! Zun 950 bsan gaz odoo 1350 arai denduu nemhiimaa .
2018-12-18
зочин:
Газ авалгүй тэг ,зогсолт ,хийчих. Яахыг ,нь ,хар. Даварч ,байна.
2018-12-18
Sunmoon:
Та нар дандаа л судалж байна гээд жил болдог ш дээ. Нэг юм хийх гээд ТЭЗҮ хийж байна гээд 2 жил. Тэгээд л албан тушаалаасаа хэдэн төгрөг идээд салдаг ш дээ. худлаа биш биздээ.
2018-12-18
1ТОНН ГАЗ ХИЙЛИЙН ҮНЭ 450 ДОЛЛАР БУЮУ ГЭТЭЛ ХИЙН КОМПАӨНИУД 1000 ДОЛЛАРААР ДАМЛАН ЗАРЖ БАЙНА
2018-12-18