Д.Долгион: Туршлага хуримтлуулж чадсан минь ЯЛАЛТ
2018-12-18

Дэлхийн 190 гаруй орны гоо бүсгүйчүүдийн авьяас, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлддөг "Miss Universe" тэмцээнд анх удаа Монгол Улсаас гоо бүсгүй оролцлоо. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын гэх тодотголтой энэхүү дэлхийн тэмцээнд Монгол улсаас гоо бүсгүй оролцуулахаар таван жилийн хугацаанд хүсэлт тавьсны үр дүнд энэ оны “Miss Universe” тэмцээнд манай улс оролцох эрхтэй болсон билээ.

 

 

Дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн алхах гоо бүсгүйг шалгаруулах "Miss Universe Mongolia" уралдаан гурван сарын хугацаанд үргэлжилж үндэсний ялагчаар загвар өмсөгч Д.Долгион шалгарч, тэргүүн шагнал болох титмийн эзэн болж 67 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон юм. Мисс Д.Долгион дэлхийн 94 орны гоо бүсгүйчүүдтэй 20 гаруй хоног гоо үзэсгэлэн, мэдлэг чадвараараа өрсөлдсөн бөгөөд "Miss Universe"  тэмцээний финалийн шатны шалгаруулалт өчигдөр /2018.12.17/ болж өндөрлөв.

 

Тэмцээний талаар мисс Д.Долгион "67 жилийн түүхт MISS UNIVERSE тэмцээнд Үндэсний Ялагч болон Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож ард түмнийхээ итгэл сэтгэлийн дэмээр эрч хүч урам зоригоор дүүрэн бүхий л хүчээ дайчлан эхний өдрөөс эхлэн эцсийн өдөр хүртэл хичээн тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Шалгаруулалт бүр дээр анхны, анх удаа оролцож буй Монгол улс гэдэг өгүүлбэр дагалдаж байсан болохоор Дэлхийн хэдэн тэрбум үзэгчдэд, тэмцээн зохион байгуулагчдад Монгол эх орныхоо талаарх анхны сэтгэгдэл бүрийг хамгийн сайнаар үлдээхийн тулд эдгээр хоногуудад хичээн оролцлоо. Амжилт үргэлж анхны оролдлогоор ирдэггүй ч энэ том тэмцээний замыг засч дараа дараагийн жилүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйчүүдэд тус болохуйц асар их туршлага, мэдлэгийг хуримтлуулж чадсан нь миний хувьд ялалт мэт гайхалтай байлаа. Бид MISS UNIVERSE тэмцээний титмийг эх орондоо авчрах бүрэн боломжтой гэдгийг үзэгч та бүхэн минь харсан байх. Бүхий л орны миссүүд жилийн өмнө тодорч бэлтгэлээ өндөр түвшинд базаан маш нарийн төлөвлөгөөтэй оролцдог юм байна.

 

Хэдий сар хүрэхгүй хугацаанд өдөр шөнийг умартан бэлтгэлээ ханган оролцсон ч эдгээр оролцогчдоос дутах зүйл үгүй байгаа нь бидэнд ямар их боломж байгаа вэ гэдгийг ухааруулж, урмын ташуур болж байгаа гэж бодож байна. Нүд ирмэх төдийд л өнгөрсөн энэ сарын өдөр бүр миний хувьд Монголчуудын маань хувьд түүхэн өдрүүд байлаа" хэмээв. 

 

 

 

Харин "Miss universe" тэмцээний лиценз эзэмшигчээр сонгогдсон “NTV” телевизийн хөтлөгч Ж.Анхбаяр "Бид бүхий л хүч чадлаа дайчлан "Miss Universe 2018" тэмцээнд оролцлоо. Үнэндээ гоо бүсгүйн тэмцээн миний мэддэгээс, төсөөлдгөөс ч "өөр бас том ертөнц" гэдгийг ойлгов. Асар их туршлага хуримтлууллаа. Олон орны найз нөхөдтэй болов. Дэлхийн хэмжээний шоуг хэрхэн зохион байгуулдгийг харлаа. Бид юун дээр анхаарвал амжилттай оролцож болохыг мэдэв. Алдаагаа ч оллоо. 2 тербум үзэгчийн өмнө Монгол улсынхаа нэрийг цуурайтуулах асар их боломж байгааг ойлголоо.  Монголчууд миссийн тэмцээний тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Хэдэн арван сая доллар энэ тэмцээний ард эргэлддэг юм байна. Хэдэн мянган хүн зөвхөн энэ тэмцээнийг үзэхээр зорин ирдэг юм байна. Энэ зүгээр л хоёр цагийн энтертэйнмент шоу биш аялал жуулчлал, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий ажил юм байна.Таван жил эрх авахын төлөө зүтгэж, олон сая төгрөгөөр эрсдэл хүлээн байж хийсэн төслийнхөө үр дүнг үзлээ. Монгол Улсынхаа хөгжлийн төлөө залуучууд бидний оруулж буй хувь нэмэр энэ юм шүү. Тусалж дэмжсэн, төсөлд гар бие оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Ирэх хавар 2019 оны оролцогчоо тодруулна. Ивээн тэтгэх байгууллага, хувь хүмүүс олон байгаасай. Тэгвэл бид улам илүү амжилтанд ойртоно.

 

Мөн Д.Долгиондоо баяр хүргэе. Ямар их сэтгэл, зүтгэл, итгэлтэйгээр энэ тайзан дээр гэрэлтэв ээ. Бахархаад баршгүй" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

 

Загвар өмсгөч Д.Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан. Мөн 2015 онд Хогконг улсад зохион байгуулагдсан Дэлхийн энх тайвны миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол улсаас анх удаа оролцож, шилдэг 15-ын нэгээр шалгарч тусгай байрын шагнал хүртэж байсан.  Мөн 2017 онд "Гоёл 2017" наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчийн шагналыг хүртэж байсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Равдан:
Нээрээ нилээд туршлага хуримтлуулсан байх аа.
2018-12-21