Солонгосын ахмадууд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ
2018-12-19

Өмнөд Солонгосын ахмадууд гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн талаар тус улсын Статистикийн хорооноос мэдэгдсэн талаар "CNN" агентлаг уламжлав.

 

 

Таван жилийн дотор 65 нас ба түүнээс дээш насны хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь 45 хувиар өсчээ.  2013  оны энэ үетэй харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн байна. Шүүхээс гэмт хэрэгт холбогдсон ахмадуудад 1-20 жил хүртлэх ялаар шийтгэжээ. 

 

70 настай эр өнгөрөгч есдүгээр сард шуудан зөөгчийн биед хүнд гэмтэл учруулж, 1 жилийн ял авчээ. Мөн өнгөрөгч сард 70 настай эр төрийн албан хаагчийн аминд  хүрч, хөршөө хүндээр гэмтээсэн ноцтой хэрэг гарсан байна. Мөн 69 настай эмэгтэй тосгоны арга хэмжээний үеэр ажиллаж байх үеэрээ загасны шөлөнд пестицид хийсэн нь илэрчээ. 

 

Гэхдээ ял сонссон ахмадуудын зарим нь ЗОРИУДААР хэрэг үйлдэж, шоронд орох нь нэмэгджээ. Зориудаар гэмт хэрэг үйлдэж буй ахмадууд ихэвчлэн ганц бие, үр хүүхэдгүй, асран хамгаалах хүнгүй аж. 

 

Тэднийг асрамжийн газар эсвэл шашны төвүүд асран хамгаалдаг ч ахмадууд нийгмээс тусгаарлагдах илүү сонирхолтой байдаг гэнэ. 

 

Өмнөд Солонгосын нийт хүн амын 14 хувийг 65 дээш насныхан эзэлдэг ба НҮБ тус улсыг НАСЖИЛТ ӨНДӨРТЭЙ УЛС хэмээн зарласан юм. Хүн амын 7 хувийг 65 наснаас дээш насныхан эзэлвэл насжилт өндөртэй улс гэдэг. 

 

"Ахмадууд ажил эрхлэх боломжгүй. Улмаар нийгэмд эзлэх байр суурь нь багасч, ганцаардмал, хаагдмал байдалд амьдарч буй мэдрэмж төрүүлэх болсон учир ийнхүү уур хилэн нь нэмэгдэж, хэрэг үйлдэж байна" гэж Сөүл хотын Донгук их сургуулийн профессор Чо Ён О мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин