Трамп Сириэс цэргээ эргүүлэн татахаар болжээ
2018-12-20

 

Иргэний дайн болон дотоодын зөрчил мөргөлдөөнтэй байгаа Сири улсаас АНУ-ын цэргийн албан хаагчдыг эргүүлэн татах шийдвэрийг Цагаан ордны тэргүүн Дональд Трамп гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Ерөнхийлөгч Трамп өчигдөр Батлан хамгаалахын удирдлагуудыг хүлээн авах үеэрээ АНУ-ын цэргийн албан хаагчдыг Сириэс бүрэн гаргах зарлиг буулгасан гэнэ.

 

Зарлигын дагуу  Сири дэх Америк цэргүүд нутаг буцах бэлтгэлээ базааж эхэлжээ.

 

Трамп "Америкийн цэргүүд Сирид байршиж, тулаанд орсон нь ганцхан шалтгаантай. Энэ бол алан хядах Исламын улс бүлэглэлийг хүйс тэмтрэхийн тулд Вашингтон хилийн чандад цэргийн ажиллагаа явуулах болсон. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл үүргээ амжилттай ажиллаж, Сирийг хүчирхийлж, тоносон Исламын улс бүлэглэлийг нухчин дарсан" гэж мэдэгдэв. 

 

АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд өнөөг хүртэл Сирийн цэргүүдэд байлдааны ур чадварыг зааж сургаж, үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна. 

 

Сириэс цэргээ гаргахаар төлөвлөж буйгаа Трамп хамгийн эхэнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд  мэдэгдсэн талаар Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин