Шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны дүн гарлаа
2018-12-20

Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран “Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлэг болон фото зургийн уралдааныг сэтгүүлчдийн дунд 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд зарласан. Уралдааны дүн өнөөдөр /2018.12.20/ гарч, шилдгүүд тодорлоо.

 

 

Уралдаанд нийт 30 орчим бүтээл ирүүлснээс телевизийн нэвтрүүлгийн тэргүүн, тусгай байр, сонин болон мэдээллийн сайтын тэргүүн, тусгай байр, радиогийн бүтээлийн тэргүүн байр, фото зургийн тэргүүн байрыг тус тус шалгаруулав.

 

Телевизийн нэвтрүүлгийн тэргүүн байранд “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч шалгарсан бол "ТВ9" телевизийн сэтгүүлч Д.Ганзориг дэд байр эзлэв. Харин сонин болон мэдээллийн цахим хуудасны нийтлэлийн төрөлд  “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймч, сэтгүүлч Т.Энхбат тэргүүлж, "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр дэд байр эзэллээ. Харин радиогийн бүтээлд “МҮОНР”-ийн “Хурд” агентлагийн редактор, сурвалжлагч Д.Баяржаргал, фото зургийн төрөлд “Үндэсний шуудан” сонины гэрэл зурагчин А.Чимэдцэрэн нар тус тус шагнал хүртлээ.

 

Энэхүү уралдааныг Монгол улс дахь бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд тулгараад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замууд, алтны худалдааны төвлөрлийг бууруулах, алтны гарал үүсэл, ил тод байдлыг нэмэгдүүлэх болон Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний талаар олон нийтэд зөв ойлголт өгөх зорилгоор зохион байгуулсан.

 

Нийтлэлийн төрөлд тэргүүн байр эзэлсэн “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймч Т.Энхбат "БНСУ-ын түүхэнд 800 төгрөг байсан ханш нь шууд хоёр дахин нэмэгдэж байсан гэдэг. Энэ цаг үед Солонгосчууд ард иргэдээ алтаа тушаагаач, бид худалдаж авъя гэдэг саналыг тавиад улмаар валютын нөөцөө бүрдүүлж байсан. Монголд ч гэсэн өнөөдөр нөхцөл байдал нь өөр, эдийн засаг хараахан хямраагүй ч гэсэн валютын ханшийн байдлаар яг л Солонгосын тухайн үеийн нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр алтаа эх орондоо тушаавал энэ нь долларын ханш тогтворжуулахаас эхлээд маш их ач холбогдолтой гэдэг санааг нийтлэлдээ хөндсөн” хэмээв.

 

Монголбанкны эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа “Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлаг болон бусад төрийн болон ТББ-уудтай хамтран сүүлийн жилүүдэд алт олборлолтын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах чиглэлээр нэлээд олон ажил хийж байгаа. Тухайлбал алтны гарал үүслийг тодорхой болгох, жижиг алт олборлогч иргэдэд хүрч ажиллаж байна. Үүний үр дүн Баянхонгор, Дархан-Уул аймагт алт, үнэт металлын сорьцын лабораторийг нээгээд өнөөдрийн байдлаар 160 орчим кг алтыг Монголбанк худалдан авсан байна. Нийт Монголбанкны худалдан авалт 21 тоннд хүрсэн. 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн Монголбанк мөнгөний худалдан авах үнээс цэвэршүүлэлтийн зардлыг 1 ам.доллараар хасаж тооцохоор болсон бөгөөд худалдан авах үнээ нэмсэн гэсэн үг. Монгол Улсад татварын таатай орчин бүрдсэнээс хойш нийт олборлож байгаа алтны дийлэнхи хувь нь Монголбанкинд тушаагдаж байгаа гэж үзэж байгаа” гэв.

 

“Тогтвортой бичил уурхай” төслийн дөрөвдүгээр үе шатанд бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн нийлэлтийн сүлжээг ил тод болгож, гарал үүслийг нь тодорхой болгоход чиглэн ажиллаж байгаа юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
"Өнөөдөр"сонины Эдийн засгийн албаны дарга биш шүү. Эдийн засаг,бизнесийн мэдээллийн албаны тоймч
2018-12-20