Албан байгууллагын шинэ жилээр архиар нэгнээ шахахгүй байя
2018-12-21

 

 

ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2000 гаруй хүн осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авдаг байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай яаралтай тусламж авдаг аж. Согтуугаар осол гэмтэлд өртсөн шалтгаан жилээс жилд өсөх хандлагатай байна.

 

Тухайлбал осголт гэсэн шалтгаанаар ГССҮТ-д энэ оны 11,12 дугаар сард 108 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 47 хувиар осголтын шалтгаантай үйлчлүүлэгчдийн тоо өссөн байна. Нийт үйлчлүүлэгчдийн 16-17 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтдэг бол осгосон 108 хүний 44 хувь нь согтуу үедээ осгож гэмтсэн байх аж.

 

Баяр ёслолын үеийн осголт гэмтлийн тоо илүү өндөр байдаг. Тэгэхээр хүйтний улирал тул баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэж албан байгууллагын шинэ жилээс харихаар гарсан нэгнээ эсэн мэнд харьсан эсэхэд эргээд санаа тавьж байхыг зөвлөж байна.

 

Мөн түүнчлэн шинэ жилээ хамт олноороо тэмдэглэчихээд автомашиндаа орж угаартаж нас барах харамсалтай хэрэг гардаг. Иймд албан байгууллагын шинэ жилээр нэгнээ архиар шахахгүй байх, согтсон хүнээ гэрт нь хүргэж өгч, араас нь анхаарал тавихад онцгой анхаарах хэрэгтэй байгааг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

 

Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс “автомашинаа унаад явчихна”, “ойрхон замд болно”, “их уугаагүй юм чинь зүгээр” эсхүл “баригдахгүй байх” зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох зэргээрамь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

 

Иймд байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.

 

Бусдыг архиар шахаж, согтоох нь хуулиар хориотой гэдгийг манай иргэд төдийлөн мэддэггүй. Тэгвэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно. Үүнийг зөрчсөн бол иргэнийг 10-15 мянга, албан тушаалтныг 45-60 мянган төгрөгөөр торгоно гэж мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан байдгийг иргэд төдийлөн мэддэггүй.

 

Хэрэв танай байгууллага хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэх гэж байгаа бол архинаас татгалзах, архи, согтууруулах ундааг хэрэглэх бол тохируулан болзошгүй эрсдлээс сэргийлэхийг, гэр бүлдээ тэмдэглэж буй баярынхаа үеэр, хүүхдийнхээ дэргэд архи, пиво уухгүй байхыг зөвлөж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оюухай:
Ямарч үед архиар хүн шахах соёлгүй байдлын илрэл. За одоо нэг уучих,энийг уухаас нааш хундагаа авахгүй гээд л шахаад байдгын байна лээ. Зүрх муу даралт ихтэй хүн энэтэр бол хэцүүдэнэ шүү дээ. Одоо энэ явдлаа зогсоох хэрэгтэй
2018-12-22
зочин:
Шинэ жил гэр бүл, найз нөхдийн хүрээлэлийн баяр болохоос монгол шиг албан байгууллагаар нийлж архиддаг улс монгол-оос өөр хаана ч байхгүй
2018-12-21
иргэн:
Байгууллагаараа шинэ жил тэмдэглэдэг явдлыг зогсоо. Энэ бол гэр бүлийн хэмжээнд тэмдэглэдэг зүйл
2018-12-21
SHAHSAN HUN GOL BURUUTAN UGAASAA ES ZUID TIIM HUULI ZUI GEHGUI ES ZUIG HUULIND TULHUU ORUULMAAR CHINGISIIN MANUKOL AKADEMIIN BAT OTGONII LEKTSIIG SOYN GEGEERUULEGCH TV UZ
2018-12-21