Шинэ жилийн баяраас гарсан хоёр хүн осгож, хөлдсөн
2018-12-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулж буй  томоохон ресторан, зочид буудлуудад галын аюулгүй байдлын болоод гамшгаас хамгаалах чиглэлээр шалгалт зохион байгуулж, ажиллаж байгаа юм байна.

 

Өнөөдрийн байдлаар 42 объектыг шалгалтад хамруулж, 288 зөрчлийг илрүүлжээ.Үүний 124 зөрчил буюу 43.9 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Нийтлэг зөрчил, дутагдал нь шингэрүүлсэн хийн хэрэглээ, цахилгааны угсралт дүрмийг зөрчсөн байжээ.

 

Мөн баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэж албан байгууллагын шинэ жилээс харихаар гарсан нэгнээ эсэн мэнд харьсан эсэхэд эргээд санаа тавьж байхыг онцгой байдлын албанаас зөвлөж байна. Өнгөрөгч долоо хоногт шинэ жилийн баярын арга хэмжээнээсээ гарч яваад хоёр хүнд осгож, хөлджээ. Тиймээс хэт согтолттой, биеэ хянах чадваргүй болсон ажилтнаа харгалзах хүнтэйгээр гэр оронд нь хүлээлгэж өгч болзошгүй эрсдлээс амь нас эрүүл мэндийг нь хамгаалахыг анхааруулж байна.

 

Түүнчлэн энэ арванхоёрдугаар сард Улсын хэмжээнд 398 удаагийн ахуйн гал түймэр гарч 19 хүн нас барж, хоёр хүн түлэгдэж гэмтсэн байна. Иргэд баярын өдрүүдэд зөвшөөрөлгүйгээр салют, пиротехникийн хэрэгслийг худалдан авч бие эрхтнээ гэмтээх явдал гардаг. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр л компани байдаг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин