Сэрэмжлүүлэг: Ноцтой гарчигтай мэдээ “НО”-той
2018-12-28

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Шуурхай мэдээ” гэх тодотголтой, ноцтой гарчиг бүхий мэдээлэл цахим хуудсуудаар тархсан байдаг. Иргэд, олон нийт уг мэдээллийг сонирхож дэлгэрэнгүй уншихаар дотогш нэвтрэхэд цахим гэмт хэрэгтнүүд хортой программаар тухайн хүний цахим хаягны нэвтрэх нэр, нууц үгийг автоматаар хуулж авч, бусдыг залилан мэхлэх хууль бус ажилд ашиглаж байна. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүйн улмаас гэмт хэргийн “золиос” болох явдал цөөнгүй гарч байгаа.

 

Тухайлбал хамгийн сүүлд “Шуурхай мэдээ: Автобус онхолдож, 30 хүний амь нас хохирлоо” гэсэн агуулгатай мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар хурдацтай тархсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас яаралтай арга хэмжээ авч шалгахад ноцтой осол бүртгэгдээгүй бөгөөд энэ нь ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэл болох нь тогтоогджээ.

 

Мөн түүнчлэн “Загвар өмсөгч Ч-ийн амь нас хохирсон хэргийн ноцтой баримт дэлгэлээ” гэх гарчиг бүхий цагдаагийн байгууллагын хэвлэлийн хурлын зургийг ашигласан худал, ташаа мэдээлэл тархсан. Хэргийн газраас авагдсан нотлох баримт алдагдсан, нотлох баримтыг устгасан зүйл огт байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн.

 

Иймд иргэд олон нийт сониуч зандаа хөтлөгдөн цахим гэмт хэрэгтнүүдийн заль мэхэнд хууртахгүй байж эрсдэлээс өөрийгөө хамгаалж, баталгаатай эх сурвалж бүхий мэдээллийн сайт, цахим сонинг сонгож уншиж, үнэн бодит мэдээлэлтэй танилцаж байхыг анхааруулж байна.

 

Цахим гэмт хэрэгтнүүд хортой программ бүхий хүний анхаарлыг татахуйц худал, ташаа мэдээллийг зориудаар олон нийтэд түгээж, уг мэдээлэл рүү нэвтрэн орсон хүний нууц дугаар, нэвтрэх нэр тухайн хортой программд бүртгэгдэж, гэмт этгээдийн мэдэлд таны бүхий л хувийн мэдээлэл очдог гэсэн үг.  Ингэж олж авсан бусдын нууц дугаарыг ашиглан цахим гэмт хэрэгтнүүд найзуудаас нь мөнгөн болон бусад хэлбэрийн тусламж хүсдэг байна.

 

Ноцтой гарчиг бүхий мэдээллээс гадна  “Та хэдэн настай харагддаг вэ”, “Урьд насандаа хэн байсан бэ” зэрэг сонжоо нь нууц код хулгайлах гэсэн оролдлого байж болохыг үгүйсгэхгүй.

 

Цахим гэмт хэргийн хохирогчдын дунд судалгаа явуулахад насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна.  Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 хувь нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

 

Тиймээс цахим сүлжээг зөв зохистой ашиглаж, саваагүй зангаасаа болж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Иим юманд тэгээд торгууль ч юм уу шиитгэл энэ тэр байхгүй юу
2018-12-28