УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл өргөн барина
2019-01-04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна.

 

 

Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж санал авсан бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

 

Гэвч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зарим бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хуулийн төслийг өргөн мэдүүлэх тов тогтоохоос татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал хамаарахгүй гэж заасан байдаг.

 

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2, 38.8-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад бусад ердийн хуульд заасан шаардлага хамаарахгүй. Хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдаж гарах хуулийн төсөлд одоо байгаа практикт Засгийн газраас баталсан аргачлалын дагуу зардлын тооцоо, төслийн үр нөлөөний үнэлгээ хийхгүй байгаа болно.

 

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг маргааш өргөн барихаар боллоо.

 

Shuud.mn
Сонин хачин