Кимийн төрсөн өдөртэй давхацсан айлчлалын УЧИР
2019-01-09

Хойд Солонгосын тэргүүн Бээжин хотноо айлчлал хийж байна. Энэ талаар “www.dailymail.co.uk”, “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун БНХАУ-д гурав дахь удаагаа дээд хэмжээний айлчлал хийж байна.  Тэрбээр гэргий Ри Сол Жу болон “Хөдөлмөрийн нам”-ын нөлөө бүхий эрхмүүдийн хамтаар галт тэргээр зорьсон газраа иржээ. Айлчлалын талаарх мэдээлэл өндөр нууцлалтай байсан учир хэвлэлийнхэн удирдагчийн галт тэрэг Хятадад нэвтэрсний дараахан л энэ талаар мэдээлсэн байна.

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинийн урилгаар тэрбээр Бээжин хотод айлчилж байна. Өчигдөр залуу удирдагчийн төрсөн өдөр тохиожээ.

 

Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд төрийн эрхийг авсан цагаасаа төрсөн өдрөө тэмдэглээгүй ба түүнийг хэдэн онд мэндэлсэн гэх хувийн мэдээлэл нь өнөөг хүртэл НУУЦ аж. Түүнийг 1981, 1982, 1983, 1984 онд төрсөн гэх зэрэг олон зөрүүтэй мэдээлэл бий.

 

“Нэгдүгээр сарын 8-ны өдөр удирдагчийн мэндэлсэн өдөр мөн” хэмээн албаныхан баталсан ч хэдэн онд мэндэлсэн гэх мэдээллийг өгөхөөс татгалзжээ.

 

Хятад дахь төлөөлөгчид “Ким Чен Ун өчигдөр 35 нас хүрсэн. Тиймээс тэрбээр 1984 онд хорвоод мэндэлсэн” гэж мэдээлэв. Дэлхийн хамгийн хаалттай улсын төрийг жолоодож буй Ким Чен Ун богино хугацаанд олон улсад өөрийн гэсэн байр сууриа тогтоож, цэнхэр гаригийн нөлөө бүхий эрхмүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болсон.

 

“Зарим орны удирдагчид зөвхөн нэр хүндээ өсгөх зорилгоор Ким Чен Уныг ашиглаж, түүнтэй уулзахын тулд Хойд Солонгос улсад үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна” гэж барууны хэвлэлийнхэн мэдээлсээр байна.

 

Төрөхдөө л нэг гартаа алтан халбага, нөгөө гартаа цөмийн зэвсэг атгасан Ким Чен Уны төрсөн өдөрт дэлхийн удирдагчид хүртэл ихээхэн анхаарал хандуулж, ховор гэсэн бэлгүүдийг илгээсээр байгаа аж.

 

Ким Чен Ун Бээжин хотноо гурван өдөр айлчлах ба өнөөдөр Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзах гэнэ. Удирдагчид ийнхүү дөрөв дэх удаагаа биечлэн уулзах гэж байна.

 

Бээжингийн албаныхан залуу удирдагчид төрсөн өдрийн бэлэг болгож, түүхэн гэрэл зургийг хавсаргасан альбом бэлэглэсэн гэнэ. Уг альбом номонд өмнө нь Бээжин хотноо айлчилж байсан Хойд Солонгосын II удирдагч Ким Чен Ирийн ховор зургууд багтсан байна.  Ким Чен Ир хүүгийнхээ адилаар Бээжин хотноо гурван удаа айлчилж, үе үеийн БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай нь биечлэн уулзаж байжээ.

 

Си дарга өнөөдөр Ким Чен Унтай уулзахдаа мөн бэлэг гардуулан өгөхөөр болсон гэнэ.  Ким Чен Ун өнгөрсөн онд Бээжин хотноо ирэх үед нь маш ховорт тооцогдох, тансаг ваар, архи болон бусад гарын бэлгийг дурсгаж байв.

 

Ийнхүү Бээжингийнхэн залуу удирдагчийн хэдэнтээ баярлуулаад амжсан бол ах, дүүсийн харилцаатай болоод буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин түүнд баярын цахилгаан, бэлэг явуулжээ. Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа бэлэг солилцоод амжсан. Ким Чен Ун Сөүл рүү зөвхөн эх оронд нь ургадаг зэрлэг мөөг, хоёр ч анч нохойгоо бэлэглэсэн билээ. Тэрбээр анх удаагаа бусад улс руу гар сунгасан нь энэ байв.

 

Сагсанбөмбөгийн Холбооны Алдрын Танхимын гишүүн Деннис Родман дөрвөн жилийн өмнө Пхеньян хотноо айлчлах үеэрээ Ким Чен Унд төрсөн өдрийн дуу дуулж өгч байсан удаатай.

 

БНХАУ, Өмнөд Солонгосоос гадна Ким Чен Унд ОХУ, Япон, Куба зэрэг улсын удирдагчид баяр хүргэж, бэлэг илгээжээ.

 

 

Тэрбээр энэ чухал өдрөө Бээжин хотноо айлчилсан нь нэг учиртай гэв. Ким Чен Ун тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа уулзахаар тохиролцоод буй гэнэ.

 

ТРАМП-КИМ нар өнгөрөгч оны зургаадугаар сард Сингапурт уулзсан бол хоёр дахь саммит уулзалт Ханой хотноо болох өндөр магадлалтай байна.  Цагаан ордны тэргүүн саяхан “Кимтэй дахин уулзана гэдэгтээ итгэж чадахгүй нь, сэтгэл хөдөлж байна” хэмээн твиттерээрээ эерэг мессежийг түгээж, Кимийн анхаарлыг татахыг оролджээ.

 

Трамп ийнхүү Кимд тал засах нь аргагүй гэж “CNN” агентлаг мэдээлэв. Учир нь Ким Чен Ун 2019 оны анхны мэдэгдлээ АНУ болон Дональд Трампт хандан хийсэн юм. “АНУ, Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлахгүй бол бид цөмийн зэвсгээсээ татгалзахгүй, улам өргөжин тэлэх болно” гэж сүрдүүлсэн билээ.

 

Анхны уулзалтын үеэр удирдагчид харилцан тохиролцоонд хүрч, Пхеньян цөмийн зэвсэг, баллистик пуужингийн үйлдвэртээ  хязгаарлалт хийсэн ч АНУ амлалтаа биелүүлэхгүй, эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам чангаруулсаар байв.

 

Ким Чен Ун, Трамптай уулзахаасаа өмнө Си даргатай уулздаг уламжлал тогтлоо.

 

Тэрбээр хагас жилийн өмнө Трамптай уулзахаасаа нэг долоо хоногийн өмнө Си даргатай Бээжин хотноо уулзаж, заавар зөвлөгөө авсан гэхэд болно. Мөн дараагийн ТРАМП-КИМ нарын уулзалтын тов гарахаас хэдхэн өдрийн өмнө ийнхүү төрсөн өдрөөрөө алсын нутагт хөл тавьж, Си даргатай ганцаарчлан уулзахаар болжээ.

 

“Си, Ким нарын уулзалт Хятад-Хойд Солонгосын харилцаа бэхжиж байгаагийн томоохон илрэл" гэж Вашингтон хот дахь Стратегийн болон Олон улсын судалгааны төвийн  Азийн ахлах зөвлөх Бонни Глэрер мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Vietnamd ulsad Hanoi gej hot baidgiin shuu dee!
2019-01-09
Хавай арлын Ханой хот гэж байна уу.
2019-01-09
Буруу:
Одоо нэр усыг нь зөв бичиж сураа.КИМ ЖОН ЫН гэж бич.Орос морос школа хаяа
2019-01-09