УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа
2019-01-09

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 52.3 хувийн саналаар эхэллээ.

 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тус байнгын хорооны хуралдаанаар нийтдээ 6 асуудал хэлэлцэх юм.

 

Эхний дөрвөн асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хуралдсаны дараагаар хэлэлцэх аж. Тиймээс уг асуудлыг хойшлууллаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ажлын 48 цагийн дотор хэлэлцэх шийдвэрлэх заалттай. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү:

 

-Төрийн байгуулалтын байнгын хороо төрийн чиг үүргийг хэвийн явуулахад анхаарч,чиглэл өгдөг. Хэрвээ Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй бол яах вэ? Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд санаатай халдсан, зогсоосон гэдэг асуудлаар хариуцлага тооцож, эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналыг байнгын хорооны даргын бичигтэй өгөх ёстой. Тэгэхгүй бол нам дотроо 65-уулаа УИХ-ын ажлыг тасалдуулах байна. Цаашид ийм жишиг тогтоно. Би энэ асуудлаар горимын санал гаргаж байна гэлээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

 

-Би одоо Халдашгүй байдлын дэд хорооны хуралд орно. Намайг хуралдах гээд дуудаад байна. 48 цагийн дотор хэлэлцэнэ гэж бодож байна гэлээ. 

 

Ингээд Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин