АИХ-ын депутатууд чууллаа
2019-01-13

Эдүгээгээс 27 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан билээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн.  Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Энэхүү Үндсэн хуулиар иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосон. Мөн хувийн өмчийг хамгаалах эрхийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үндсийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой юм.

 

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.

 

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2019.01.13) Ардын Их Хурлын депутатууд Төрийн ордноо хуран чууллаа. Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийг сурталчлах, дагаж мөрдүүлэх зорилгоор 12 жилийн өмнөөс “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус холбоонд гишүүнчлэлтэй 250 депутат амьд сэрүүн байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Ж.Гомбожав, гүйцэтгэх захирлаар Ч.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Тэд өнөөдрийн уулзалтаар холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, цаашдын зорилго төлөвлөгөөний талаарх мэдээллийг танилцуулж, гишүүдийнхээ саналыг сонслоо.  

 

Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэхэд холбооны зүгээс идэвх санаачлагатай ажиллахыг сануулж, холбооны байр суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг санал нэгтэй хэлж байлаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан албан ёсны ажлын хэсгийг байгуулах, Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах зэрэг асуудлыг хөндсөн юм.

 

Улс оронд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал Үндсэн хуулинд бус хэрэгжүүлэх үе шатны доголдол гэдгийг депутатууд онцлов. Мөн “Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрлэгдсэн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ хуулийн төслийг өргөн мэдүүлэх болон Байнгын хороодоор санал, дүгнэлт гаргуулах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэг, журмыг зөрчснөөс гадна хоёр хэлэлцүүлгийг нэг цагийн зайтай нэг хүний саналтай явуулсан. Мөн Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд заасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлэх, ард нийтийн санал асуулга явуулж болох тухай заалтуудыг үл тоомсорлосон нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж буйгаа депутатууд илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Содном:
Эдгээр хүмүүс яг тухайн цаг үедээ бол ер нь нилээн боломжийн хууль баталчихсан нь үнэн. Гэхдээ энэ хуулийн алдаатай тал нь 1996 оны үеэс ажиглагдаж эхэлсэн боловуу? Тэр үеэс хуульд өөрчилөлт оруулах яриа гарах бүрд та бүхэн ямар нэг хэмжээгээр шагнал урамшуулал хүртэж магтаал сайшаалд умбаж байсны хүчинд яг одоо нэг намын дотоод асуудал төрийн гацаа болтлоо өргөжчихлөө шүүдээ. Одоо жаахан ч гэсэн ичиж эхлэх болоогүй юу? Одоо та бүхэн яг тухайн үед уг хуулийг батлалцаж байхдаа 10,20,40 жилийн дараа төр засаг нэг иймэрхүү болно доо гэсэн ямар нэгэн төсөөлөлтэй байцгаасан уу? Одоо та бүхэн наад элдэв төрлийн холбоо эвсэлээ больж хойч үедээ эрх мэдлийг нь өгөөд тайван сайхан байцгаагаач.
2019-01-15
zochin:
Энэ 360 хүмүүс хүн тус бүр 76,0 сая төгрөг орон сууц төрийн дээд шагнал авч үндсэн хуулийг завхруулсан хулгайчууд. Үр дүн нь монголчууд ядуу баян 2 заагт хуваагдаж, төр нь дампуурч, улаанбаатар утаа хогондоо дарагдаж баялаг цөөн хүмүүст төвлөрсөн. Энэ 360 хүнээс 76,0 сая төгрөг хурааж авах хэрэгтэй. /76х360хүн=27 тэрбум төгрөг, одоогийн ханшаар 60 гаран тэрум төгрөг шүү/
2019-01-14
зочин:
Өвөө нарын хийсэн үндсэн хууль үеэ өнгөрөөжээ,Үг үсэг утга найруулгаас авхуулаад алдаатай зүйл маш их байна гээд эрдэмтэн багш нар шүүмжлээд байна шүү дээ,
2019-01-14
зочин:
Энэ өвгөчүүл одоо болимоор юм. Үндсэн хууль баталснаараа далимдуулж улсаас 2 өрөө байр авч дээр нь сар бүр тэтгэлэг авах хуулийг МАН-аар дамжуулан батлуулж авах зэргээр лоббид автагдсан баагийнууд байгаа. Ичиж амьраасай билээ.
2019-01-13