НИТХ хуралдаж, хотын шинэ даргаар нийслэлийн төлөөлөгч С.Мөнхчулууныг томилох шийдвэрийг гаргаад байна. Гэхдээ одоо НИТХ-ын томилгоог Ерөнхий сайд батламжилснээр хотын шинэ дарга С.Мөнхчулууны эрх үүснэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Харин хотын даргыг томилгоог хэлэлцэх үед танхимаас С.Мөнхчулуун нэр дэвшсэн юм. Ингээд НИТХ-д оролцсон 43 гишүүнээс дахин санал хураалтын дүнгээр С.Мөнхчулуун 24-ийнх нь саналыг авч, С.Амарсайхан ялагдал хүлээгээд байгаа.
Ерөнхий сайд шинэ хотын даргыг ажлын тав хоногийн дотор батламжлах заалттай. Гэхдээ Удирдах зөвлөлөөс шийдвэрлэн санал болгосон бус заалнаас нэр дэвшигч тодроод байгаа энэ үед МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжих эсэхэд ажиглагчид эргэлзэж байна. Хэрвээ Ерөнхий сайд хотын шинэ даргыг батламжлахаас татгалзвал НИТХ дахин 15 хоногийн хугацаанд хуралдаж, шийдвэрлэнэ.
Амны билгээс ашдын билэг гэдэг. Хотын даргаар тодроод байгаа С.Мөнхчулууны тухайд “Д.Сумъяабазар сайдын “хүн”, дүү нь олон нийтийн газар сэлэм гаргаж танхайрсан” гэх зэргээр олны ам муутайгаар эхэллээ. Товч намтраас нь харахад “Техникийн их сургуулийн механик инженерийн анги, ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг төгссөн бөгөөд Төрийн удирдлагын магистр зэрэгтэй, 2009 оноос нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн, тус газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар өнгөрсөн хугацаанд ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхий сайд хотын даргад батламжлавал “МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болох ёстой” гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон С.Амарсайханы тухайд хотын асуудал, намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилт, хэрэгжилтийн явцтай танилцах шаардлагагүй, ажлаа мэдэх нэгэн гэж тодотгож байсан. Үнэхээр ч НИТХ-ын даргаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан тэрбээр хотын асуудлыг гадарлах байтугай доторлоно. Гэвч өнөөдрийн улс төрийн нөхцөл ажлаа мэдэх эсэхээс үл хамаарч “намын даалгавар, дээрээс өгсөн шийдвэр”-ийн дагуу хэрэгжилт гүйцэтгэл явагдаад байгаа нь нууц биш. Үүнийг ч өнөөдөр НИТХ-ын дарга, ажлаа мэдэх С.Амарсайхан бус төлөөлөгч нь олонхийн санал авч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох шийдвэр гараад байгаагаас жишээлэн харж болно. Цаашлаад НИТХ-ын олонх хотын парламентын спикер С.Амарсайхандаа итгэл үзүүлсэнгүй.
Санал тэнцсэн фракц дундаас гурван төлөөлөгчийн саналаар илүүрхсэн С.Мөнхчулуун ийнхүү нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох эрх аваад байна. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжих эсэхээс дараагийн үйл явц хамаарна.
Агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөлийн идэвхжилтэй энэ үед нийслэлчүүд эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхээ эрх баригчдаас шаардсаар байгаа. Түүнээс бус хэн нэг шинэ дарга томилогдоод нийслэлийн хот гэдэг их айлын асуудлыг шийдэж, хөгжлийн замдаа орно гэж итгэх гэнэ үе ард хоцорсон. Тэгээд ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өрсөлдсөн хоёр эрхмийн хэн нь ч “зэрэг нэмсэн” ижилдээ ижил, нийслэлийн өнгө засрах байтугай утаа ч арилахгүй нь. Юу үнэн, энэ л үнэн.
Н.Энхлэн