"Насны хишиг"-ийг олгож эхлээгүй байна
2019-01-22

-65 нас хүрч байгаа ахмадууд хороондоо бүртгүүлж, “Насны хишиг”-ээ авна-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг”-ийг олгодог билээ. Энэ оны "Насны хишиг"-ийг олгож эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн ч арилжааны банкууд "Санхүүжилт орж ирээгүй байна" гэдэг тайлбарыг хэлж байна.

 

2019 оны төсөвт “Насны хишиг” олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. Энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн /2018 онд 136 мянган ахмадад 20.6 тэрбум төгрөг олгосон/ юм.

 

65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;

70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;

80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;

90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг.

 

Энэ жил 65 нас хүрч “Насны хишиг” авах болзол хангаж буй ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай юм байна.

 

“Насны хишиг” авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

 

“Насны хишиг” авах болзол хангаж 65 нас хүрч буй ахмад настан оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хандан насны хишиг авах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:

 

-Ахмад настны иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа;

 

-Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа.

 

-Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу гэрчлүүлнэ. Суманд нотариатч ажиллаагүй тохиолдолд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэлийг гэрчилнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан нь ахмад настны иргэний үнэмлэх, эсхүл лавлагааг хүлээн авч тухайн иргэний мэдээллийг энэхүү журмын хавсралтаар баталсан өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр бөглөн тухайн ахмад настнаар юм уу, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж баталгаажуулан уг хүсэлтийг хүлээн авсан хугацааг өргөдөлд тодорхой бичнэ.

 

Ингээд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь насны хишиг олгох санхүүжилтийг 2 болон 6 дугаар сарын 25-ны дотор гэрээт банкинд шилжүүлнэ.

 

Ахмад настан нь засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьшсан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлэн насны хишгээ үргэлжлүүлэн авна.

 

Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настнууд: Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан тухайн асрамжийн байгууллага байрлаж байгаа орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж насны хишиг авах хүсэлтээ гаргана.

 

Хорих ангид хоригдож байгаа ахмад настнууд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа дээр дурьдсан насанд хүрсэн иргэний мэдээллийг эдгээр байгууллага нь байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад 2 болон 6 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ.

 

Улсын хэмжээнд 65-69 насны 44696 ахмад, 70-79 насны 52413 ахмад, 80-89 насны 17559 ахмад, 90-ээс дээш насны 2366 ахмад нийт 117,034 ахмад настан "Насны хишиг" хүртэх юм. “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой байдаг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ санхүүжилт гэдэг ам таргасан үгийг сар болгон л тэтгэвэр асаргаа халамжийн хэдхэн төгрөгөө авах гэж сонсдог үг тэгээд үдээс хойш ирсэн болоод л мөнгө дууссан дараа сар ав гэдэг яахаараа ингэж сар болгон энэхүү үгийг сонсоод хүрээд цөхрөнгөө барах ёстой юм бэ. татвар тэтгэмж хангалттай авдаг байж хэнийх нь халаасанд орчихдог мөнгө вэ
2019-01-23
Хурэл зурхтэнгуудээ егч чадахгуй бол энэ мэтээр евгед хегшидеерее тоглоод баймааргуй байна. Яг унэндээ та хоер ОГЦОРВОЛ таарна.7 хоног гуйлэглээ Одоо хулээж нас хурэхгуй шиг байна.
2019-01-22
ард:
Ахмадууд бидэндээрээ тоглолт хийж байна.Санхүүжилт орж ирээгүй гэдэг үнэнг л хэлж байна.
2019-01-22
ард:
Ахмадууд бидэндээрээ тоглолт хийж байна.Санхүүжилт орж ирээгүй гэдэг үнэнг л хэлж байна.
2019-01-22
Hudla
2019-01-22